Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“Эрүүгийн элемент царайлсан хулгайч минь чи юу чаддаг юм. Хачин новш вэ.” Ийм үг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хо­рооны дарга Ж.Сүхбаатарын амнаас гарсан гэхэд итгэмээргүй. Тэрбээр С.Эрдэнэ гишүүнийг ингэж “айлгав”. Гишүүд өөр хоорондоо ам зөрж л байдаг. Маргалдаж л байдаг. Гэхдээ гудамжинд хэрэлдэж байгаа авгай хүүхнүүдээс ч дор байдлаар нэгнийгээ ийн дуудах нь нэг л зохимжгүй. Тэр тусмаа одоогийн парламентад суугаа гишүүд төдийгүй салбарынхан дундаа ч урдаа барьдаг боловсролтой шилдэг хуульч гэгд­дэг Ж.Сүхбаатар гишүүн ингэж уураа гаргасан нь хүмүүст тийм ч сайхан санагдсангүй. Тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан есөн гишүүний шаардлагыг өөрийн даргалдаг байнгын хороогоор хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг цуг­ларсан нөхөд дөө иймэрхүү өнгө аясаар ойлгуулсан юм. С.Эрдэнээр зогсохгүй “фортуна” Н.Батбаяр ч түүний үгэн шуурганд өртсөн. “Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хуулиар УИХ-ын нэг гишүүн ч Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж болохоор байгаа” гээд хэл­чихсэн нь бас л Ж.Сүхбаатарыг бу­химдуулсан. Тэрбээр “Та наад асуудлаа хуулийн сургуулийн оюутнаас очоод асуу. Тийм юм байдаггүй юм” хэ­мээн хэдэрлэх. Уг нь хэдэн жилийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад нь хүмүүс түүнийг тэндхийн дарга нараас ч илүү тоодог байлаа. Энэ үеэс л тэр нийгэмд танил болсон гэхэд болно. Нүдэнд дулаахан, хэлж ярьж байгаа нь хүртэл шинэлэг, асуусан болгонд товхийсэн хариулт өгчихнө. Бас шударгадуу зангаараа хэнтэй ч цэц булаалдаж дөнгөнө. Ийм л “цэвэрхэн” залуу байсан бо­лохоор 2008 онд парламентад нэрээ дэвшүүлэхэд нь зөвхөн дарханчууд гэлтгүй аль ч тойргийнхон гараа алдалж угтахаар байсан юм. Тэр ч ёсоор Төрийн ордон руу түүнийг ард түмэн илгээсэн. Гэвч өнөөдөр Ж.Сүхбаатарыг тойргийнхон нь байтугай ойр хавийнхан нь ч тани­хаар­гүй болжээ. Учир нь тэрбээр нүүрэндээ манай талын баатрын төрхтэй баг зүүж явдаг байсныг хэн ч мэдээгүй байж. Гэсэн ч санаандгүй байдлаар тэрхүү багаа Ж.Сүхбаатар гишүүн өөрөө хуу татаж хаялаа.Тэр байнгын хорооны дарга болоод ч тэгэв үү, хачин их “хөгширсөн” байна.  

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж