Яагаав, өнгөрсөн хавар Н.Энхбаяр автортой ард түмний Засгийн газар 15 олигархийг шүүнэ гэж баахан бужигнуулсан шүү дээ. Тэгэхэд Ц.Нямдорж сайд “Ээж, аав хоёроо дуулаад Н.Энхбаярын шүүхээр буудуулна даа” хэмээн инээд алдан, дуу аялан ярилцлага өгч байсан шүү дээ. Харин одоо энэ бүхэн дуу хуур, инээдэм наадам биш байсныг хатуу анхааруулж байна. Тэр Хууль зүй, дотоод хэргийн сайд руу эхэлж “гал нээсэн”. Мөн түүний санаачилсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийг батлахгүй байхыг УИХ-д сануулав. Яг үнэндээ парламентад суудалгүй намын дарга УИХ-д хууль батлах эсэхийг сануулах, анхааруулах, Засгийн газрын гишүүнийг огцруулах санал тавиад юунд ч хүрэхгүй нь хэнд ч ойлгомжтой биз дээ. Тиймээс л Н.Энхбаяр тэгэхээр тэгэх гэж золигтож байгаа юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ оны тавдугаар сарын 26-нд манай сонинд өгсөн ярилцлагадаа Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо яаж “заваарч” байсан талаар болон Монголбанкны ерөнхийлөгчийг сольсноос болоод өөрөө суудлаа өгөхөд хүрсэн тухай “уушиг нээсэн” билээ. Ц.Нямдорж сайдын ярилцлагууд, түүний дотор Н.Энхбаярын талаарх үнэлэлт дүгнэлтээс харахад “Би түүнийг дэндүү сайн мэднэ” гэсэн аархал аяндаа уншигддаг. Бие биеэ дэндүү сайн мэдэх хоёр олигархийн тулааныг бид одоо харах нь. Олигархи л олигархиа устгадгийг олон улсын жишээн дээрээ харж болдог. Харин Монголын улс төрийн тайзан дээр Ц.Нямдорж дэндүү шударга, энхийн цагаан тагтаа мэт. Н.Энхбаяр тас хар хэрээ, увайгүй луйварчин мэтээр харагдаж байгаа нь нууц биш. Гэвч бодит байдал дээр хэн нь юуны төлөө юу яриад яваагаар нь л ард түмэн дүгнэх биз. Ямар ч байсан амнаас гарсан үг талаас нь ард түмэн Н.Энхбаярын талд буй нь ажиглагдаж байна. Харин хэний амнаас тэр үг гарав гээд бодохоор Н.Энхбаярт итгэж чадахгүй байгаа бололтой.
Нэгэнт Н.Энхбаяр Ц.Нямдоржийн хэлсэнчлэн улс төрийн “гяндан”-аа нээлээ. Анхны зочноор нь анд нөхөр асан Ц.Нямдоржийг урьж байх шиг байна. Ардын нам буюу хуучин МАХН-ыг, Монголын төрийг энэ хоёр л төлөөлдөг байсан цаг саяхан. Магадгүй дараа нь Э.Бат-Үүлийг ч урьж мэдэхээр байгаа. Учир нь түүнд Цагдаагийн тухай хуульд оруулах гэж буй өөрчлөлт, жагсаал, цуглааныг цаламдах тухай дарангуйлал үнэртсэн заалтууд огтхон ч таалагдахгүй байгаа нь МАХН-ын мэдэгдлээс харагдаж буй. Тиймээс ч МАНАН хийгээд Үүлийн тухай үгсээр мэдэгдлээ төгсгөсөн байна билээ.
Монголын улс төрийн “өвгөчүүл” ийн дайтах нь залууст ашигтай ч байж мэднэ. Наанадаж ард түмэнд ямар муухай харагдаж байгааг нь санууштай. Уг нь Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хувьд ёстой л “гарааны нөхцөл” нь ижил байсан. Костюмнаас өөр хувцасгүй, “москвич” мөрөөдсөн залуус Монголын улс төрийн тайзан дээр П.Даш-Ёндон, Н.Багабанди нарын томчуулаар хөтлүүлэн хөл нь чичрэх шахам гарч ирж байсан нь ердөө л 20 хүрэхгүй жилийн өмнө шүү дээ. Хоёулаа л албан тушаалд ахиж дэвшин Монголын Уго Чавес болохоор уралдаж эхэлсэн. Гэтэл өнөөдөр хэдэн балгасны хэрүүл хийж, “Чи их, би бага идсэн” гэлцэн нэгнээ шүүхэд дуудах нь дэндүү хошин шог төдийгүй эмгэнэлтэй юм.
"Улс төрийн тойм" сонин