Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Ногоон орон зай

Одоо Монголын улс төрд Ногоон нам дахин чухал хөзөр болж эхэллээ. Сүүлийн үед үе үехэн биш, байн байн анхаарлын төвд орох боллоо. Гэхдээ нөхцөл байдал өмнөхөөс ялгаатай байна.

Ногоон нам нэг удаа ашиглаад хаядаг хэрэгсэл биш болчихсон. 2004 оны сонгуулиас хойшхи иргэний хөдөлгөөнүүдийн оргилолттой зэрэгцэн, орон нутгийн уугуул хөдөлгөөнүүд олноор байгуулагдаж идэвхижсэн, өмнө байгуулагдсан байсан хөдөлгөөнүүд ч идэвхжиж, хүчээ сэлбэж, нэгдэж, резонанс үүсгэж, газар авч эхэлсэн. Эдгээр орон нутгийн уугуул хөдөлгөөнүүдийн дийлэнх нь гол усаа хамгаалах хөдөлгөөнүүд байлаа. Гол усаа хамгаалах уугуул хөдөлгөөнүүдийн шахалтаар ч гэх юм уу, түрэлтээр ч гэх юм уу, ногоон нам идэвхжихээс өөр арга байгаагүй. Ингэж идэвхжих явцад, ногоон намд нийгэмд танигдсан хэд хэдэн зүтгэлтэн элсчээ. Заримыг нь бодлогоор элсүүлжээ. Тухайн үеийн намын удирдлага намаа таниулж, ногоон үзлээ түгээхийн тулд ийм алхмыг хийсэн хэмээн ярьж байна. Үр дүнд нь Ногоон нам УИХ-д суудалтай ч болсон, Өмнөх хэний ч таньдаггүй, УИХ-д суудалгүй нам биш, олон хүнд танигдсан нам болчихсон.

Байгаль орчны асуудал тулгамдаж, дэлхий нийтээр ногоон үзэл санаа дэлгэрч байгаа. Альберт Горын илтгэлийг сонсоогүй, “Аватар” киног үзээгүй, “Сүйрэл” номыг уншаагүй хүмүүс байж болох ч уул уурхайн салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь аяндаа л байгаьл орчны асуудлыг үндсэн сэдэв болгож, уул уурхайн төслүүдийг эсэргүүцэгчдийг төрүүлж байна. Томоохон төслүүдээсээ илүү орон нутаг дахь жижиг жижиг уурхайнууд, “Алт” хөтөлбөр, алтны нинжанууд үүнд их үүрэг гүйцэтгэж байгаа байх. Нүдэн дээр нь л “бүхнийг” сүйтгэж байхад байгальд ээлтэй технологийн тухай сонсох дуртай хүн байна гэж үү? Ийнхүү зарим хүний шүүмжлээд, доромж байдлаар нэрлээд байгаачлан “байгаль хамгаалагчид” өргөжих хэрээр ногоон үзэл хүчээ авах хөрс бүрэлдэнэ.

Нөгөө талаас, ногоон үзэл нь нэг их гэм халгүй үзэл, хүн бүрт таалагддаг, хэн ч ногоон үзэл гэж ярьж болдогтой ч холбоотой байх, Ногоон үзлийг ерөнхийлөгчөөсөө авахуулаад хүн бүхэн (тэр дундаа ув улаан, хөв хөх, хүв хүрэн, сав саарал нөхдүүд ч тэр) ярьдаг болсон. УИХ-ын дарга нь мод тариад явж байна. Ерөнхий сайд нь ногоон эдийн засаг хэмээн цээжилсэн хэдэн үгээ давтан давтан ярьж байна. Ерөнхийлөгч нь нов ногоон амьтан, Аль Горын илтгэлийн муухан копиг энд тэнд тавиад л явж байгаа. Одоо ногоон нөхдүүдийг нэрлэснээс ногоон биш нь хэн юм бэ гээд тоолбол бараг амар.

Сүүлийн жилүүдийн уур амьсгалын дулаарал нь “байгаль хамгаалагчдыг” идэвхжүүлж, дээр нь өнгөрсөн хаврын Фукушима атомын цахилгаан станц дэлбэрсэн явдал түлхэц өгч, эрчим хүчний хомсдол нь эрчим хүчний аюулгүй, байгальд сөрөг нөлөөгүй цоо шинэ эх үүсвэрийг хайхад засгийн газруудыг түлхэж эхэллээ. Үүний үр дүнд дэлхийн ногоон намууд идэвхжиж, ногоон үзэл баримтлал газар авч, ногоонтнууд шийдвэр гаргах түвшинд хүч түрэн орж ирж байна. Дэлхийд ногоон намууд хүчирхэгжээд ирэхээр Монголд ч инпакт нь мэдэгдэж байна.

Ногоон нам танигдаагүй байхад тэдний дотоод хэрүүл, зөрчлийг хэн ч тоодоггүй байсан, “Басандорж гэж нэг нөхөр бүх гишүүдийн хурлаа хийлгүй олон жил боллоо” ч гэх шиг хэний ч сонирхлыг татахгүй мэдээ гэнэ гэнэ чих дэлсэж л байдаг байлаа. Одоо тэдний дотоод зөрчил нь нийгэмд тодорхой хэмжээний инпакт өгч эхэллээ. “Хоёр тал энэ байдлаараа гөжүүдэлбэл тарж бутрахаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь хэнд ашигтай вэ? Ногоон намын л лав хэнд нь ч ашиггүй нь тов тодорхой” хэмээн долоон сарын өмнө бичиж байлаа. Гэтэл өнөөдөр ногоон нам хэрэг дээрээ хоёр хуваагдчихлаа.

Ногоон үзэл нь нэгэнт модонд орсон газар авсан учраас ногоон үзлийг үл тоож, улстөрийн ашиг хонжоо бодож болохгүй болчихсон юм. Монгол дахь ногоон орон зайн төлөөх тэмцлийг дор хаяж хоёр салгаж харах хэрэгтэй мэт санагдаж байна. Оюун санааны огторгуй дахь ногоон үзэл баримтлалын төлөөх тэмцэл ба улс төрийн огторгуй дахь улс төрийн намуудын нэр хүнд байршлын төлөөх тэмцэл. Чухам хэн нь жинхэнэ ногоон үзэл баримтлалдаа үнэнч, жинхэн ногоонтон болохыг цаг хугацаа харуулах биз. Өнөөдөртөө ногоон намын байр суурийг булаацалдаж байгаа тэмцэл л хагаралдааны өнгийг тодорхойлж байх шиг.

Улс төрч хүний нь хувьд Д.Энхбатын энэ үйлдлийг нь буруутгах арга байхгүй. Гэхдээ ногоонтнуудын нүдээр харвал арай л биш юм аа. 20 жилийн түүхтэй намыг нь татан буулгаад өөр намд нэгтгэнэ гэвэл партизанууд нь дургүйцэхээс өөр яах юм бэ? Энэ зэргийн комбиг асуудалгүй зохицуулж чадаагүйгээс хойш үйлийг нь үүрэхээс өөр аргагүй л болох шиг боллоо. Улс төрчийн хувьд зангараг дутаж, асуудлыг гүйцэд, зохистойгоор шийдэж чадаагүй юм уу л гэж бодогдож байна. Гэхдээ нэг намын дотоод асуудал хөндлөнгийн маньд юуны хамаатай, төөргөөрөө л болно биз. Хамгийн гол нь хоёр жилийн өмнө өөрөө гудамжинд байсан, гудамжны улс төрч гэж нэрлүүлсэндээ гомдоод явж байсан хүн, гишүүн болоод гурван жил ч болоогүй байхад хамт явсан нөхдөө гудамжныхан гэж хэлтлээ өөрчлөгдөж байгаа нь хачирхалтай юм, яалтай ч билээ.

Ногоон нам хоёр болчихлоо, Ардчилсан нам хоёр болчихлоо, Хувьсгалт нам хоёр болчихлоо. Улстөрийн нэгдэх, хоёрдахь, гуравдахь хүчин гээд л орон зай булаацалдаж байсан намуудын ард сүүдрийн нэгдэх хоёр дахь, гурав дахь намууд байгуулагдчихлаа. Одоо хэн нь нэг хоёрдугаар, хэн нь ориг, хэн нь копи болохыг олон нийт байтугай, өөрсдөө ч сайн ялгахааргүй л ээдрээтэй нөхцөл байдал үүсч орхилоо.

http://bolod.wordpress.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж