“Үдийн цай” хөтөлбөр шалгалтад бүдрэв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

“Үдийн цай” хөтөлбөр шалгалтад бүдрэв

МХЕГ-аас “Үдийн цай” хөтөлбөр, хот суурин газрын усны чанар аюулгүй байдал, арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагааг шалгажээ. Энэ үеэр цөөнгүй зөрчил илрүүлсэн байна. Тухайлбал, бага ангийн сурагчдад зориулсан “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилт, сургуулиудын цайны газар, бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгж, байгууллагад өнгөрсөн сарын 1-нээс 15-ны хооронд шалгалт хийжээ. Шалгалтад нийслэл, орон нутгийн 460 сургууль, аймгуудын боловсрол, соёлын газрууд, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 275 аж ахуйн  нэгж, 1925 иргэнийг хамруулсан аж. “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх аж ахуйн нэгжийг тендер зарлан шалгаруулдаг юм байна. Энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагаанд илэрсэн зөрчил нь сургуулиудын цайны газрын орчин стандартад нийцээгүй, дотуур байрны гал тогоог ашиглаж, хоол үйлдвэрлэл явуулдагтай холбоотой. Түүнчлэн угаалга цэвэрлэгээ хангалтгүй, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнээр хоол хийдэг зөрчил байжээ. Мөн хоолны цэсэнд орсон бүтээгдэхүүний сонголт оновчтой биш. Алслагдсан сумдад жижиг, дунд үйлдвэр цөөн байдгаас бэлэн, хагас бэлэн бүтээгдэхүүнийг хүүхдүүдэд өгдөг байсан нь илэрсэн байна. Орон тооны хяналтын зөвлөлийг нийт сургуулиудад байгуулсан боловч ажиллах журмыг нь баталж өгөөгүй учир хүүхдүүдэд хүрч ажилладаггүй аж.

Энэ тухай МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Н.Гансүхээс  тодруулахад ”“Үдийн цай” хөтөлбөрт зориулсан барилга байгууламж барих тал дээр мэргэжлийн хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хөдөө орон нутаг, алслагдсан сумдад нийслэлд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн тэр бүр хүрч очдоггүй учир чанаргүй нэг төрлийн хүнсийг ихээр хэрэглэж байна. Үүнийг хариуцсан тодорхой ажилтан байдаггүй юм.  Бид холбогдох албаны хүмүүст хандаж орон тооны эрүүл ахуйн  улсын байцаагч гаргах хүсэлт тавина. Мөн хөдөө орон нутагт цэвэр, бохир усны нэгдсэн сүлжээнд холбогдоогүй нь хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлж байна. Илрүүлсэн зөрчил дутагдалдыг арилгуулахад арга хэмжээ авсан” гэв.

 Арьс ширний үйлдвэрийг яаралтай хотоос гаргах хэрэгтэй гэв

Уг хурлын үеэр хөндөгдсөн чухал асуудал нь арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах тухай байв. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс  ширний үйлдвэрүүд бохироо ил задгай асгадаг. Ялангуяа Хятадын компаниуд арьс ширийг энд угааж аваад хил гаргадаг явдлыг зогсоох шаардлагатай талаар ярилцсан. Мөн  арьс ширний үйлдвэрүүдийг богино хугацаанд гаргахгүй бол байгаль орчинг бохирдуулж, экологид тооцох хохирлыг авах  хэрэгтэйг онцлов. Хэрэв “Харгиа” цэвэрлэх байгууламж стандартын шаардлагад нийцэхгүй, эндээс үүссэн лагийг арилгах ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол хаахаас өөр аргагүй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын асуудлыг аль яам нь зангидах ёстой вэ гэдгээ нэн даруй шийдэх, байгаль орчинд учруулсан экологийн хохирлыг ер нь тооцоогүй байгаа. Улсын хэмжээнд дорвитой авах арга хэмжээ учраас БОАЖЯ-нд санал хүргүүлэх хэрэгтэй гэв.

Ундны ус эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

МХЕГ-ын хийсэн шалгалтаар  10 аймгийн төвийн төвлөрсөн ус хангамжийн усанд халдваргүйжүүлэлт хийлгүй иргэдэд түгээсэн. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, байгууламжид эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг тогтоож хашаажуулах арга хэмжээ авсан боловч Улаанбаатар, 11  аймагт энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж  газар тариалан, мал аж ахуй эрхлэх, барилга байгууламж барьсан. Гүний 635 худгийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд бохирын цооног, бие засах газар, малын хашаа, хатуу шингэн хог хаягдлын цэгийг байрлуулсан, худгуудын 75 хувь нь паспортгүй, өөрөөр хэлбэл мэргэжлийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй, 25 хувь нь мэргэжлийн  байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулаагүй байсан байна. Нийт шалгалтаар 1046 зөрчил илэрч, 66,8 хувийг нь арилгуулж, улсын байцаагчийн 203 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, түгээх  есөн байрны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож цэвэрлэгээ,  халдваргүйжүү­лэлт хийжээ.


Ус сувгийн удирдах газрын дэд дарга Г.Баатархуягаас дараахь зүйлийг тодрууллаа.


-Монголчууд стандартад нийцсэн ус хэрэглэж чадаж байгаа юу?

-Өнөөдринй байдлаар гүний ус хэрэглэж байгаа орон ганц манайх. Тэгэхлээр бид 93 хувийн найдвартай, цэвэр усаар хангагдаж байгаа. 

-Нийслэлчүүдийн хэрэглэж буй нэгдсэн шугамын усыг шинжилсэн үү?

-НМХГ-аас ус хангамжид график хийдэг. Крантны ус шаардлага хангаж байгаа. Учир нь төвлөрсөн усан хангамжнаас авдаг юм. 

-Гүний худаг гаргах зөвшөөрлийг хаанаас олгодог вэ?

-Манайх худаг гаргах зөвшөөрөл өгдөггүй.  Тухайн орон нутгийн зөвшөөрлөөр худаг гаргадаг. Гэтэл зөвшөөрөл авалгүй худаг гаргаж буй тохиолдол олон байна. Үүнд л хамтарч ажиллах хэрэгтэй.  НЗДТГ,  БОАЖЯ-нд бүх эрх мэдэл нь байдаг.

-Ундны уснаас шар өвчин гарсан тохиолдол байгаа юу?

.-Шар өвчин гарч байсан удаа байхгүй.

Р.САРУУЛТӨГС

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж