Бодлогын хүүг нэмэх нь борчуудад халтай

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг нэмэх нь борчуудад халтай

Манай улсын мөнгөний бод­логыг тодорхойлогч Монголбанк­ны захирлуудын зөвлөл өн­гөр­сөн даваа гаригт хуралдаж бодлогын хүүгээ 0.5 нэгжээр нэмж, 12.25 хувь болголоо. Инфляцийг тооцоолоход оролцдог хэрэглээний сагсан дахь 287 бүтээгдэхүүнээс 219-ынх нь үнэ ханш өссөнөөс гадна төсвийн зардал хурдтай тэлж, зээлийн өсөлт хурдсахын сацуу хүний хөгжлийн бэлэн мөнгө гээд олон зүйл ийм арга хэмжээ авахад чухал нөлөөлсөн гэнэ. Өөрөөр хэлбэл, 219 нэр төрлийн барааны үнэ өссөн нь эдийн засаг дахь эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж. Нэг үгээр бол монголчууд огцом мөнгөтэй болчихоод түүгээрээ хүссэн зүйлээ авах гэтэл бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бага байгаа учир ийн үнэ өсөх дарамтыг бий болгож буй бололтой.

Ер нь инфляцийн түвшин урьд нь хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа махны үнээс нэлээд шалтгаалдаг байсан бол өдгөө мутацид орж зөвхөн хүнсний гэлтгүй бусад нэр төрлийн барааны үнэ ч үүнд нөлөөлдөг болсон байна. Энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл хүнсний бус бараа бүтээгдэхүүний үнэ жилийн 11.3 хувийн өсөлттэй болсон нь дээрх нөхцөл байдлыг нотолж буй аж.

Статистикийн хорооны мэдээлс­нээр есдүгээр сард инфляци улсын хэмжээнд 10.5, Улаанбаатар хотын хэмжээнд 11.9 хувь болсон. За тэгээд энэ оны төсвийн тодотгол, 2012 оны төсөв өөрөө мөчлөг дагасан шинж чанартай буюу цаашдаа хэдийнэ өндөр болчихсон эрэлтийг нэмэгдэхэд нөлөөлж үнийн дарамтыг гааруулж болзошгүй байгаа аж. Хар ухаанаар бол төсөв маань бараа бүтээгдэхүүний үнэ хөөргөдөхөд чухал үүрэг гүйцэтгэж буй. Энэ нь ирэх оны эхний хагаст нэлээд хүчтэй мэдрэгдэх шинжтэй байгаа гэнэ. Ийм учир Төвбанкнаас бодлогын хүүг нэмж, зах зээл дэх зээлийн хэмжээг бууруулах арга хэмжээ авч буй хэмээн тайлбарлав.

Монголбанк УИХ-аас инфляцийг тодорхой түвшинд барих даалгавартай ажилладаг. Гэрийн даалгавраа хийхийн тулд энэ байгууллага хоёр хэрэгсэл ашигладаг. Үүний нэг нь бодлогын хүү. Бодлогын хүү нэмэгдсэнээр эдийн засаг дахь сул мөнгө Төвбанк руу соронз мэт татагдаж, мөнгөний урсгал сулардаг гэсэн үг. Үүгээр инфляци буюу бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлтийн хүлээлтийг бууруулах зорилгодоо хүрдэг гэж ойлгож болно. Харин бодлогын хүүг нэмснээр хэд хэдэн сөрөг үр дага­вар бий болно. Аливаа арилжааны банк эрсдэлгүй ашиг олохын тулд Төвбанкинд мөнгөө байршуулж орхино. Ингэснээр зээлийн нийлүүлэлт буурдаг. Үүний хэрээр хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн зээл авах магадлал сулардаг гэсэн үг. Өнгөрсөн сард МҮХАҮТ-аас Монголбанкийг бодлогын хүүгээ бууруулахыг шаардсан. Тухайн үед бодлогын хүү 11.75 хувь байсан бол өнөөдөр 12.25 боллоо. Бизнес эрхлэгчид үүнд дургүйцэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, бодлогын хүү ч, инфляци ч бизнес эрхлэгчдийг ундууцуулдаг зүйл. Бодлогын хүүг нэмснээр бас нэгэн асуудал үүсдэг. Нийгмийн доод түвшин буюу бага орлоготой, эмзэг бүлгийн давхаргад маш хүнд тусна. Үүнийг ч төвбанкныхан хүлээн зөвшөөрч буй. Гэхдээ макро эдийн засгийн хэмжээнд үзвэл энэ нь зайлшгүй л хийх ёстой алхам аж. Өөрөөр хэлбэл, улс орон урагшаа явахын тулд зарим нэгнээ золиослохоос өөр аргагүй бололтой.

Бодлогын хүүнээс гадна манай банкуудын нийт актив хөрөнгө найман их наяд болсон байна. Нийт зээлийн хэмжээ ч 4.8 их наяд төгрөгт хүрсэн аж. Энэ нь өмнөх жилийнхээс 60 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Харин АНУ-ын эдийн засгийн үлбэгэр байдал, еврогийн бүсийн орнуудын өр зээлийн асуудлаас үүдэн манай улсыг зорих гадаад валютын урсгал татарчээ. Үүнтэй холбоотойгоор дээр өгүүлсэн банкуудын хөрөнгийн өсөлт ч удаашрах хандлага ажиглагджээ. Гэхдээ үүнийг Төвбанк сайшаалтайгаар хүлээж авч буй. Учир нь жолоодлогогүй өсөлт өндөр эрсдэл дагуулдаг учир Монголбанк үүнээс болгоомжилж байсан аж. Ерөнхийдөө манай банк санхүүгийн салбарт но гэх зүйл үгүй болсон гэнэ шүү.

Төсвийн тэлэлт инфляцийн шалтгаан болж буй. Энэ нь ядуурлыг дэмжиж, нийгмийн түвшин бүрийн орлогын ялгааг нэмэгдүүлдэг зүй тогтолтой. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгөгүй, тогтмол орлоготой, тэтгэврээс өөр орлогогүй зэрэг хүмүүст бодлогын нэмэгдсэн хүү хүнд тусах нь ойлгомжтой. Харин банкинд хадгаламжтай, бэлтэй хүмүүст энэ нь ямар ч асуудал үүсгэхгүй. Ингэхээр инфляцийг бууруулах эсвэл, тогтворжуулахын тулд нийгмийн эмзэг хэсгийг инфляци гэгч араатны ам руу түлхдэг болох нь. Нэг талаар энэ нь зөв ч, хүнлэг ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдэгтээ эргэлзмээр санагдсанаа нуух юун. Тиймээс энэхүү доголдлыг засан залруулах арга байх ёстой мэт.

А.АРИУНБОЛД

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж