Уг нь нийтийн тээвэр бол том салбар л даа. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуйтай дүйцэхүйц ашиг олж болохоор санагддаг юм, тэндээс. Гэхдээ зөвхөн нийслэлийн хувьд л тэр. Хотжилт хөгжил мөн л юм бол тэнд түм түжигнэж бум бужигнаж байх нь ойлгомжтой. Хүнд хэрэг болох жаахан зүйлийг ч нарийн ажиглаж чадвал мөнгө болдог нь чөлөөт зах зээлийн ганц давуу тал нь. Онолоор бол эрэлт дагасан нийлүүлэлтээс ашиг олох тухай ойлголт. Манай улсын жишээгээр бол үүнийг яг голдирлоор нь л шийдэхгүй бол бухимдал үүсгэдэг нь илэрхий болсон. Нэг хэсэг манайхан нийтээрээ шахам гэдэс өлсөөд байна гэж уурладаг байлаа. Одоо бол арай өөр. Яахав, ядуу зүдүү хэсэг нь ор тас байхгүй болоогүй л байна. Гэхдээ л бухимдах сэдэв, ойлголт нь хүртэл эрс өөрчлөгдсөн. Ийм хуулийн заалтыг тэр олигархи хазайлгалаа, Балдан дарга ийм лобби хийж хэдэн сая төгрөг төсвөөс завшсан байна. Толгойтоос Шар хад орохын тулд автобусаа бүр болъё гэхэд такси явуулж аль гэхчилэн эсэргүүцлээ илэрхийлж, иргэний эрхээ эдэлдэг болсон. Үүн дунд хамгийн их жин дарах нь хөл дүүжлэх унаа унашны хүрэлцээний асуудал болжээ. Гэнэт өчигдөр ийм болчихоогүй ч заавал байх ёстой юм шиг л удаж байгаа шүү дээ. Овоо их мөнгө босгож болох энэ салбар энэ хурдыг гүйцэж чадахаа ч байлаа.Гараад хар л даа. Машинаас олон, хүнээс их юм гудамжинд алга л байна. Гэсэн хэр нь зам дагуу гар өргөсөн хүн түүнээс ч олон байна. Заавал автобусанд чихэлдэж гэр, сургууль руугаа хөл дайж хүргүүлдэг тийм цаг үе биш болохоор ингэх нь аргагүй ч биз. Автобусаар үйлчлүүлсэн биш Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам орох гэж л халаасаа хэдэнтээ нэгжүүлж, өглөө индүүдээд өмссөн цамцаа базсан цаас шиг болгуулаад ажил руугаа орохыг хүсэх хүн одоо ер нь байна уу. Ерээд онд бол тийм байгаагүй биш, байсан. Өглөө болгон “том улаан”-ы хаалганы бариулаас дүүжлэгдээд дор хаяж гурван буудал явах нь хэнд ч тохиолдох азгүйтэл байв. Дарга, цэрэг, эр, эм, хөгшин, залуу ялгаагүй, хэн азгүй нь л зорьсон газраа ингэж хүрнэ. Яаж ч яараад өөр сонголт байхгүй болохоор яах юм. Одоо бол замын хажууд гар өргөхөд л наад захын хөнгөн тэргээр ажлынхаа үүдэнд хүргүүлчихэж болж байна. Даргатайгаа цуг л хаалгаар орно. Гэхдээ дээр хэлсэн ийм эрэлтийг ийм нийлүүлэлт гүйцэхээ больсон юм. Долоо хоногийн сүүлээр такси бүр ч олдохоо больчихдог. Хар загал болсон автобусынхаа тоог нэмэх тухай л дарга нар толгойгоо гашилгаад суудаг. Албаар тендер зарлаж хэдэн бор юм хусахаа ч давхар тооцно. Гэтэл үнэндээ бол тэрэнд нь өвөр нь хоосон настайчууд, засгаар тасалбараа авахуулдаг оюутнууд л үйлчлүүлдэг. Тэгэхээр автобусны эзэд ч дургүй байхаас яах юм. Харин зорилтот хэсэг буюу боломжийн давхарга нь автобус бус таксинд суухыг илүүд үзэж байна. Гол нь тэр такси гээч нь нүдний гэм. Жинхэнэ утгаараа ая тухтай, дотор нь халуун кофе уугаад л, тухайн өдрийн сонины шинэхэн дугаарыг гарчигласан шиг ажилдаа хүргүүлмээр байна. Ингэж болдоггүй юм бол ядаж л бүрхүүлтэй “морин тэрэг” гэгдэх шороо пургисан “ямбий”-нд сууж, хир тоосонд халтартсан жолоочийн аманд багтсан үнийг төлмөөргүй байна. Албан ёсны бүртгэлтэй арай дөнгүүр таксинууд нь болохоор хүнээ ялгаварлана. Сүүлдээ гэр хороолол ч юм уу, зам муутай газар руу явах такси ч олдохоо байсан гэх. Яагаад. Ингэж асуусныхаа хариуд өөрөө очоод эвдсэн юм шиг элдэвлүүлж үг, хэлээр доромжлуулах ч энүүхэнд. Сүүлийн үед хаа нэг явж харагдах болсон шинэхэн цагаан таксинуудын зарим жолооч явсан газрынх нь мөнгөнөөс илүү үнэ нэхдэг болжээ. Нэг танил маань “Баянгол” зочид буудлын өмнөөс Их дэлгүүрийн урд талын зогсоолд хүргүүлэхэд л хоёр мянган төгрөг нэхэж гэнэ. Мянган төгрөг өгч хүргүүлээд хэвшчихсэн танил маань учирлаж дээ. Сүүлдээ ч мань эр “Арчаагүй мал. Хиртэй “эксель”-дээ суумар. Түгжрээнд зогссон болохоор хүлээлгийн мөнгө нэмэгдэж байгааг ойлгодоггүй хөдөөний эргүү.” гэж дуудуулан аргагүйн эрхэнд нэмж 1000 төгрөг өгөөд салсан тохиолдол байна. Тэгэхээр хэнд яаж үйлчилнэ тэр хэрээр авах юм ихсэнэ гэдгийг тэр жолооч л гэхэд хэнээр ч заалгахгүй мэдээд байна. Тэгээд болохгүй болохоор нь “эксель”, “аксент”-аар “айлгаж” байгаад мөнгө салгах арга хэрэглэдэг болсон байгаа юм. Ер нь таксичдын балаг их. Яах вэ, зорьсон газарт хүргэх нь хүргэнэ ээ. Харин яаж, ямар үнээр гэдэг нь ямар ч тохиолдолд тэдний л шийдвэрээр болдог. Тэгээд зогсохгүй шөнө, оройн цагаар бол жаахан балгачихсан ганц хоёроороо яваа хүнийг андахгүй. Хээр аваачаад хаячихгүй л бол халаасыг нь сэгсрэх, зодож нүдэх энүүхэнд. Бүр үйлчлүүлэгчийнхээ амь насыг хөнөөсөн тохиолдол ч цөөхөн биш. Байсхийгээд л ийм бүлэг этгээдийг цагдаа нар барьсан тухай мэдээлэл хэвлэлээр гардаг. Үнэхээр айдастай. Хамгийн гол нь Монголд л хэн дуртай нь “халтуур” хийж болдог. Амьдрал ямар байгаа билээ. Үүнийг буруутгах ч хаашаа юм. Гэхдээ хараа хяналтгүй юм нүднээс далд л байдаг. Өөр улс орны жишгээр бол машинтай болох гэж буй хүн бензинээ аваад хийх хэмжээний орлого олдог байх нь хамгийн эхний шаардлага болдог. Манай улсад болохоор “амь тариагүй” болсон үедээ ч зам дээр гар өргөсөн хэн нэгнийг очих газар нь хүргэж өгөөд л болчихдог учраас толгойтой болгон машинтай болдог. Өөр улсад тавигддаг дараагийн шаардлага бол такси гэсэн бичиггүй л бол ямар ч машинд гар өргөөд суухад тухайн хүн төлбөр өгөхгүй байх эрхтэй байдаг. Сайхан сэтгэлтэй жолооч таараад машиндаа суулгаад явлаа гэхэд төлбөр нэхэх вий гэх айдасгүй байж болно гэсэн үг. Манай улсад болохоор “халтуур”-ынханд төлбөр төлөхгүй гэж хэлэх эрх зүйн үндэслэлгүй байдаг. Ингэвэл суусан үйлчлүүлэгч буруутан болно. Цагдаагийн үүд сахиж сэжигтнээр шалгуулж ч магадгүй. Иймэрхүү ялгаа олон байгаа учраас “халтуурчид” олширч, албан ёсоор зохих татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг таксины компаний тоо нэмэгдэхгүй байгаа хэрэг.
Н.Мөнхтөвшин
"Улс төрийн тойм" сонин