
Мөн хуралдаанаар Жендерийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцүүлгийн шатанд тодруулах заалтууд олон бий гэнэ. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар сайд Т.Ганди мэдээлэл хийсэн байна. Гишүүд мэдээллийг сонсоод “жил бүр ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр тэрбумаар нь мөнгө төсөвлөж, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлдэг ч үр дүн нь харагддаггүй. Тиймээс яаж ажиллавал үр дүнтэй байна вэ гэдгийг бодолцож, төлөвлөж ажиллах нь үр дүнд хүрнэ гэж үзэж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр чухал чухал санааг бүлгийн гишүүд хөндсөн гэж хэллээ. Засгийн газраас жилд 60 мянган хүнийг ажлын байраар хангана гэсэн зорилт тавьдаг аж. Харин хөдөлмөрийн зах зээл дээр жил тутамд дээр дурдсан хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангах шаардлага тавигддаг. Харамсалтай нь, хэрэгжиж байсан удаагүй. Тиймээс төрөөс тодорхой хөрөнгө тусгаад, энэ жил тэдэн хүнийг ажлын байраар хангая гэсэн зорилт тавиад үзвэл үр дүн гарах юм биш үү” гэсэн санааг зарим гишүүн хөнджээ. Оюутолгой ордыг ашиглахтай холбоотойгоор ажлын байр гарч ирнэ. Түүнд танил талаа гэхээсээ илүү жинхэнэ хөдөлмөрлөх сонирхолтой, ажилгүй иргэдээ хамруулж, өрхийн орлогыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллах нь чухал гэсэн санааг ч бүлгийн гишүүд хөнджээ. Харин Харилцаа холбооны тухай хуулийн төслийг энэ удаагийн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж амжаагүй гэх тайлбарыг бүлгийн дарга өглөө.
Г.Дарь