Оюутолгойн “Оюунлаг үйлс”-ийн аян үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Оюутолгойн “Оюунлаг үйлс”-ийн аян үргэлжилж байна

Оюутолгой төслийн сан­хүүжилтээр Говьсүмбэр аймагт Мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвийн өр­гөт­гөлийн барилгыг барихаар болов. Энэхүү барил­гын шавыг тавих ёслол өнгөрсөн бямба гарагт болж, “Оюу­толгой” ХХК-ийн удирд­лагууд, Говьсүмбэр айм­гийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн захирал Г.Энхбат болон нутгийн лам нар  оролцсон юм. Жижиг экскаватороор өргөтгөлийн барилгын ша¬тыг хөндөж, идээний дээж цагаан сүүгээрээ мялаан ёслол үйлдсэний дараа Говь­сүмбэрийн МСҮТ-ийн захирал Г.Энхбат үг хэлэхдээ “Өнөөдөр зөвхөн шинэ барилгын шав тавих ёслол хийсэн хэрэг биш юм. Магадгүй хамгийн чухал нь шинэ технологи, шинэ ойлголт, шинэ хандлагыг бид сургалтдаа нэвтрүүлэх эх­лэлийг тавилаа. Оюутолгой төс­лийнхөн энэ эх­лэлийг тавихад чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм” хэмээн онцоллоо.

Дашрамд дурьдахад дөрвөн жилийн өмнө 90 оюутантай байсан тус сур­гууль Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын ачаар өр­гөжин тэлж, өдгөө 700 гаруй оюутантай болоод байгаа юм байна.

Мөн Оюутолгой төслийн Бүсийн хөгжил, харилцааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Дэвид Патерсон “Оюутолгой төсөл энэ сургуулийг дэмжиж байгаадаа их  бахархаж байна. Шинээр барих барилгын загвар төслийг тус сургуулийн багш сурагчид хамтран гаргасан нь энэхүү өргөтгөл бол жинхэнэ орон нутгийн санаачилга дээр тулгуурласан гэдгийг харуулж байна.  Энэ л бидэнд хамгийн чухал юм. Бид Монголын оюутан залуучуудад ирээдүйд их боломж авчрах ажил мэргэжлийг эзэмшихэд нь тусалж байгаадаа туйлын их баяртай байна” хэмээсэн юм.

Ийнхүү “Оюутолгой” ХХК-ийн оюунлаг үйлсийн аян үргэлжилсээр байна. Үүний өмнөхөн буюу энэ сарын 20-нд “Оюутолгой” болон “Рио Тинто” компаниуд  2011-2012 оны дээд боловсролын тэтгэлгийг 60 гаруй монгол оюутнуудад олгосон билээ. Тус компани Оюутолгойн Хөрөнгө оруулалтын  гэрээ болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг. Энэхүү хөтөлбөр нь уул уурхай болон бусад салбарт өндөр мэргэжлийн үндэсний боловсон хүчин бэлтгэх зорилготой. Өнгөрсөн таван жилийн хугацаанд дээрх хоёр компаниас зарласан дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 200 гаруй оюутан, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт 30 оюутан тус тус хамрагдаад байгаа ажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүлээсэн үүргээсээ гадна монголчуудын  мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, боловсролыг дэмжих үйл ажиллагаанд “Рио Тинто” групп хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Энэ удаагийн дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 55 оюутны 20 нь “Рио Тинто”-ийн шууд тэтгэлгийг хүртэж байгаагаараа онцлогтой. Түүнчлэн “Рио Тинто”-ийн хилийн чанад дахь бизнесийн салбаруудад долоон монгол төгсөгч ажиллаж байгаа нь бахархууштай. Энэ тоо цаашид ч нэмэгдэх бөгөөд энэ нь тус компани дэлхийн олон улсад байрлаж буй салбартаа Монголд болон олон улсад боловсрол эзэмшсэн нийт 50 монгол оюутныг элсүүлэх алсын хараатай ажиллаж байгаагийн үр дүн юм. Тиймээс төгсөгчид Монголоос бусад оронд үйл ажиллагаа явуулж буй “Рио Тинто” компанийн салбарт ажиллаж, олон улсын туршлага хуримтлуулах боломжтой болж байгаадаа туйлын баяртай байгаагаа ярьж байлаа.

Энэхүү  тэтгэлэгт хөтөлбөрийг “Зориг сан”-аас хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сарын 27, 28-нд зохион байгуулж, нийт 300 гаруй оюутан оролцжээ. Сонгон шалгаруулалт нээлттэй, ил тод байдлаар явагдаж, 2011-2012 оны хичээлийн жилийн Дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт нийт 55 оюутан шалгараад байна. Эдгээрээс дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 35 оюутныг “Оюутолгой” ХХК, үлдсэн 20 оюутныг “Рио Тинто” компаниас ивээн тэтгэж байгаа. Оюутнуудыг сонгон шалгаруулах хороонд “Оюутолгой”, “Рио Тинто” компаниуд  болон” Зориг сан”ийн төлөөлөгчид орсон байв. Сонгон шалгаруулалтын эхний үе шатанд хөтөлбөрийн сонгон шалгаруулах үзүүлэлтийг тухайн оюутнууд хэр зэрэг хангаж байгааг, харин хоёрдугаар шатанд сонгосон оюутнуудыг ярилцлагад урьж, хичээлийн дүн, суралцаж буй мэргэжил, орон нутгийн үйл ажиллагаанд оролцож буй идэвх, ирээдүйн зорилго, төлөвлөгөө зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн дүгнэжээ.

“Оюутолгой” болон “Рио Тинто” компаниас дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 262 сая 700 мянган төгрөг зарцуулах юм байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд нэг жилийн сургалтын төлбөр болон сарын 200 мянган төгрөгийн тэтгэлэг, дотуур байрны зардал (хөдөөгийн оюутнууд) авах бөгөөд зарим оюутан нь олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой аж.

Мөн “Оюутолгой” ХХК өн­гөрсөн тав, зургаадугаар сард “Зориг сан”-тай хамтран олон улсын сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг зохион байгуулсан. Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд АНУ, Канад, Австрали улсын уул уурхай, геологи, барилга, цахилгааны инженер болон бусад чиглэлээр суралцах юм. Энэ үеэр “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэй хэлэхдээ “Уг тэтгэлэгт хөтөлбөр нь монгол оюутнуудад цаашаа суралцах, ирээдүйн ажил мэргэжлийн гараанд нь бэлтгэхэд нь тусалж буй бидний арга хэрэгсэл юм. Олон улсын их дээд сургуульд суралцсанаар эдгээр  оюутны мэдлэгийн хүрээ тэлэх болно. Оюутнууд гадаадад амжилттай суралцаж төгсөөд нутагтаа ирээд сурсан, мэдсэнээ хэрэгжүүлж, бусдад тусалж, дэмжинэ гэдэгт бид итгэж байна”хэмээж байсан. Тус компани олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт 56-60 мянган ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Үүнд оюутны сургалтын төлбөр, амьжиргааны зардал, виз, замын зардал зэрэг багтаж байгаа юм. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд ажлын дадлага хийх боломж, цаашилбал найдвартай ажлын байраар давхар хангагдаж байгаагаараа давуу талтай.

Энэ бүхэн дэлхийд томоохонд тооцогдох төслийн талбайд ажиллаж буй монгол ажилчид, тэр тусмаа үндэсний мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэх нь дамжиггүй. Товчхондоо Монголын талын хүртэх мөнгөөр хэмжишгүй, ирээдүйтэй ашиг шимийн нэгээхэн хэсэг нь энэ. Оюуны хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлага, гэрээгээ найдвартай, тасралтгүй биелүүлэхийн жишиг болсон “Оюутолгой” компанийн оюунлаг үйлсийн аян ийнхүү үргэлжилсээр байна.

Л.Баярмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж