Н.Энхбаяр Ц.Нямдоржийг зайлуулах аянд мордлоо

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр Ц.Нямдоржийг зайлуулах аянд мордлоо

Ц.Нямдорж сайдыг зайлуулж, өөрийнхөө хэргийг цайруулах аян дайнд экс Ерөнхийлөгч эргэлт буцалтгүй орлоо

Экс Ерөнхийлөгч ойрмогхоноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж руу асах болжээ. УИХ-д өргөн мэдүүлсэн Цагдаагийн байгууллагын тухай хуулийн төслийг нь эсэргүүцэж нэг дайрч, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй хүртэл холбож мэдэгдэл гаргаад амжлаа. Ерөөсөө л Монголд байгаа болохгүй, бүтэхгүй бүхэнтэй Ц.Нямдорж холбоотой мэт мэдэгдлийг экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний толгойлдог МАХН хийж эхлэв. Өнгөн дээрээ шударга ёсны төлөө гэсэн агуулгатай энэхүү мэдэгдлийнх нь цаад учрыг ухаж үзлээ. Гэтэл Ц.Нямдорж сайдыг зайлуулж, өөрийнхөө хэргийг цайруулах аян дайнд экс Ерөнхийлөгч эргэлт буцалтгүй орсон нь тодорхой болов.

Н.Энхбаяр Монголын төрийн хүрч болох бүх өндөрлөгт ээлж дараалан суусан шигээ авч болох юм бүхэнд хуруугаа дүрээд амжсан нэгэн гэхэд буруудахгүй. Эрх мэдэл, албан тушаалаараа өнгөлөн далдалж байсан түүний хэргүүд эхнээсээ шалгагдаж эхэлсэн юм байна. Төрийн ордны хажууд байрлах “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлал тойрсон хэрэг өнгөрсөн жилээс хойш олон хүний амьдралыг эргүүлээд байгаа. Энэ хэргээс болж нэг сэтгүүлч хэдэн сар шоронд сууж, хоёр ч хүн эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Хууль бус гэгдээд буй энэхүү хувьчлалд экс Ерөнхийлөгч бас л гараа дүрээд амжжээ. Өөрөөр хэлбэл, хэргийн гол учиг нь Н.Энхбаяр дээр очиж тайлагдаж байгаа бололтой юм. Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалаас гадна баруун талд нь байрлах “Өргөө” зочид буудлын асуудал ч экс Ерөнхийлөгчтэй холбогдож байгаа аж. Энэ буудлыг Н.Энхбаяр эхнэрээрээ дамжуулж өөрийн болгосон нь бараг батлагджээ. Хууль дүрмээр нь, ном журмаар нь хувьчлалд оролцсон бол өөр хэрэг л дээ. Гэтэл энэ бүхнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн болгосон бололтой юм. Тиймээс цагдаагийн байгууллага экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой эдгээр хэргийг шалгаж эхэлсэн юм байна. Харин төрийн хуулийн дагуу шалгуулах ёстой Н.Энхбаяр мэдүүлэг өгөхгүй бултаж, зугтсаар байгаа аж. Ингээд зогсохгүй асуудлыг улстөржүүлж, хариуцлагаас зугтахын тулд Ц.Нямдорж сайдын эсрэг зохион байгуулалттай дайрч, давшилж эхэлсэн юм байна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч, түүний толгойлж буй МАХН Хууль зүй, дотоод хэргийн сайд руу элдвээр дайрч эхэлсний шалтгаан нь, шалтаг нь ч энэ байжээ.

Цагдаагийн байгууллагынхан Н.Энхбаяртай холбоотой дээрх хоёр хэргээс гадна өөр хэд хэдэн хэргийн сэжүүрийг атгаад байгаа бололтой. Сүхбаатарын талбайн урд талд баригдаж буй “Blue Sky” буюу цэнхэр цүндгэр барилгад ч Н.Энхбаярын оролцоо байгаа юм байна. Мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс ган бөмбөлөг шахаж их хэмжээний мөнгө луйвардсан гээд олон хэрэг нь ар араасаа илэрч байгаа бололтой юм. Тиймээс л экс Ерөнхийлөгч маань энэ бүх хэргүүдийг илрүүлэх ажилд улс төрийн аргаар саад хийж байгаа нь энэ. Н.Энхбаярын энэ мэт гараа дүрсэн хар хэргүүд ар араасаа гарч ирж байгааг хэлэх хүн цөөнгүй байна. “Оргил” рашаан сувилалын газрыг аавтайгаа нийлж авсан, “Монросцветмэт” хамтарсан үйлдвэрийн барилгыг хүртэл өөрийн болгочихсон гээд энэ жагсаалт үргэлжилнэ. Тиймээс л ээлж дараалан сөхөгдөж буй хэргүүдээ ээлж дараатайгаар улс төржүүлж, эсвэл шантаажилж цайруулах гэж хичээж эхэлсэн байна.

Ер нь л Н.Энхбаярын оролцоотой, бусдын хөрөнгийг булааж авсан хэргүүд энэ мэтчилэн нэрлээд байвал цөөнгүй олон бий. Угаасаа ч бусдын хөрөнгийг өөрийн халаас руу гулгуулах чадварыг гарамгай эзэмшсэн хүн гэдгээрээ Н.Энхбаяр алдартай нэгэн. Хамтарч ажиллах санал тавиад бусдын хамаг хөрөнгийг дээрэмдчихсэн жишээ нь бидний нүдний өмнө илхэн байдаг шүү дээ. “TV9” телевизийг Гандантэгчинлэн хийдээс, “Зууны мэдээ” сониныг эзэмшиж байсан сэтгүүлчээс нь энэ аргаараа л дээрэмдэж авсан хүн дээ. Одоо энэ бүхэн нь илэрч эхэлсэн болохоор бусад руу дайрч, шантаажилж байгаа юм байна. Үхэхдээ үхэр буугаа тавина гэдэг л болж байгаа юм дагуу даа.

Ж.Болд
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж