Засгийн газрын төлөвлөгөөний дагуу “Монголын төмөр зам” ХК эхний ээлжинд 2010 онд багтаан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсангийн чиглэлд 1100 орчим километр урттай төмөр зам барих ажлыг эхлэх ёстой байсан юм. Гэтэл өнгөрсөн онд бүү хэл энэ жил ч дээрх ажлыг эхлүүлж чадаагүй хэвээр л байна. Харин “Монголын төмөр зам” ХК энэ оны эхээр мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинээр барих төмөр замын зураг төслийг баталсан. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас ажил хэрэг болгож чадалгүй цаас ширтсээр өдийг хүрлээ. Учир нь нэг километр төмөр замыг барихад 2-2.5 сая ам.доллар шаардлагатай бө¬гөөд дээрх чиглэлд төмөр зам барихад нийт гурван тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Тиймээс ид бүтээн байгуулалт өрнүүлж байх ёстой “Монголын төмөр зам” ХК өнөөдөр цаасан дээр л ажил хийж сууна. Тэд төмөр замын зураг төслөөс гадна дээрх чиглэлд барих ёстой төмөр замын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг “McKinsey&Cоmpanу”-аар хийлгэсэн. Энэ хоёр ажлыг л нугалсан нь ажлаа яст мэлхийн хурдаар хэрхэн хийдгийн тод жишээ болж байгаа юм. Эхний ажлаа эхлээ ч үгүй байгаа тэднийг Нарийнсухайт-Шивээхүрэн, Ухаа худаг-Гашуунсухайт, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг, Хөөт-Бичигтийн чиглэлийн 900 орчим киломтер төмөр зам барих хүндхэн даваа хүлээсээр.
Х.Баттулга: УИХ-ЫН ГИШҮҮД “МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ НЬ ЭРСДЭЛТЭЙ” ГЭЭД БАЙВАЛ ХЭЦҮҮ Л БАЙХ
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас энэ талаарх зарим зүйлийг тодруулсан юм.
-“Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааны 49 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах нь зогсонги байдалд ороод байгаа төмөр зам барих ажлыг үргэлжлүүлэх цорын ганц гарц байсан юм уу?
-Томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг босгох шалгарсан арга нь Хөрөнгийн биржид хувьцаа борлуулах арга юм. Тиймээс үүнийг зөв шийдвэр гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн “Монголын төмөр зам” ХК-ийн хувьцааг арилжсанаар хөрөнгийн зах зээл идэвхжиж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид томоохон бүтээн байгуулалтад оролцох боломжтой болно гэж үзэж байгаа. Манай бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид олон бий шүү дээ.
-Эрсдэлийг нь хэрхэн тооцоолсон бэ?
-Мэдээж эрсдэл байлгүй яах вэ. Маш олон эрсдэл бий. Дэлхийн зах зээлийн хямрал, Монгол Улс найдвартай түнш гэдэгт гадны хөрөнгө оруулагчид эргэлзэж эхэлсэн гэх зэрэг эрсдэлүүд хамгийн түрүүнд тулгамдаж байгаа. Тооцоолох аргагүй хүчин зүйлүүд ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүд “Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй” гэсэн мэдээлэл гаргаад байх нь ч эрсдлийг нэмнэ гэсэн үг. Энэ тохиолдолд байдал улам хэцүү болно.
-“Монголын төмөр зам” ХК бол Монголын бүтээн байгуулалтад асар их үүрэг гүйцэтгэх ёстой байгууллага. Тиймээс хувьцааг нь их хэмжээгээр худалдаалах нь гадны компаниудаас хараат болох магадлалтай гэсэн болгоомжлол бий. Хувьцаа худалдаж авах дээд хязгаарыг хэрхэн тогтоосон бэ?
-Үүнийг зохицуулдаг олон журам бий. Тухайлбал, хувьцааг хаалттай болон нээлттэй худалдах, худалдаж авах, андрайтерийн эрх зэрэг журмаар зохицуулна.
"Улс төрийн тойм" сонин