
Тоглолтуудын үр дүнгээс хүргэхэд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Жон Хиггинс эхний шатанд Берри Хоукинсийг 10:6-ийн харьцаатай хожсон бол хоёрдугаар шатанд дэлхийн зургаан удаагийн аварга английн Стив Дэвистэй учирчээ. Дэлхийн аваргын тэмцээнд 30 дахь жилдээ оролцож байгаа Стив Дэвис энэ тоглолтын эхний 16 фреймийн дараа 9:7-ийн харьцаатай хошуучилж байсан ч 34 настай Шотланд снукерч 9:9-ийн харьцаатай болгон тэнцүүлж чаджээ. Гэхдээ Хиггинс дараагийн хоёр фреймд цэнхэр бөмбөгөө алдсанаар Стив Дэвис дахин хоёр фреймээр хошуучлах болсон банйа. Дараагийн хоёр фреймд 59, 56 оноогоор брек хийсэн Жон Хиггинс дахин тоглолтыг 11:11 болгон тэнцүүлсэн ч сүүлчийн хоёр фреймд 52 настай ахмад снукерч Стив Дэвис хожсоноор 13:11-ийн харьцаатай хожиж, дэлхийн аварга шалгарулах тэмцээний түүхэнд бичигдэх нэгэн гайхалтай ялалтыг байгууллаа. Түүнтэй шилдэг наймд өрсөлдөх снукерчин мөн өнгөрсөн амралтын өдөр тодорсон. Энэ бол Австралийн тамирчин Нейл Робэртсон юм. Дэлхийд чансаагаар есдүгээрт эрэмбэлэгдсэн Робэртсон Английн Мартин Коулдыг 13:12-оор буюу эцсийн фреймд өнгийн шаарнуудаа авсанаар хожсон байна. Мөн Шотландын хоёр снукерч Стифэн Магуайр, Грэйм Дотт нарын өрсөлдөөнд чансаа бага Г.Дотт 13:6-ийн харьцаатай ялсан байна. Тэрбээр шөвгийн наймд Хойд Ирландын №1 снукерч Марк Аллентэй өрсөлдөнө.. Марк Аллен 16-ийн шатанд Английн Марк Дэвисийг 13:5-ын харьцаатай хожжээ.
Дэлхийн №1 снукерч, дөрөв дэх удаагаа дэлхийн аварга цолыг хүртэхээр зорьж буй Ронни О’Салливан 16-гийн шатанд харьцангуй хүндхэн өрсөлдөгчтэй таарсан. Түүний өрсөлдөгч Уэльсийн Марк Уильямс дэлхийн аваргад өмнө нь хоёр удаа түрүүлсэн шилдэг тамирчин юм. Энэ хоёрын өрсөлдөөн яг одоо “Crucible” театр дахь хамгийн үзүүштэй тулаан болж байна. Эхний найман фреймийн дараа 4:4 болж тэнцээд байсан хоёр тамирчны тулаан цааш гурван фреймд Марк Уильямсын давамгайллаар үргэлжилж, 7:5 болсон байна. Улмаар 8:6-ийн харьцаатай Уэльс снукерч хошуучилж явахад пуужин хочит О’Салливан сүүлийн хоёр фреймийг өөртөө ашигтайгаар шийдсэнээр 8:8-ын харьцаатай хоёр тамирчны хоёр дахь өдрийн тулаан өндөрлөөд байна. Мөн Хятадын Дин Жунхуй, Английн Шон Мерфиг 5:3-аар, Английн Али Картер нутаг нэгт Жое Перриг 10:6-аар тус тус хошуучилж байгаа бол Английн Марк Селби, Шотландын Стифен Хэндри нарын аваргуудын тулаан 4:4-ийн харьцаатай тэнцүү үргэлжилж байна.