Газрын тосны хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Газрын тосны хууль Үндсэн хууль зөрчсөн гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт оролцогчид 1991 онд баталж одоо мөрдөж байгаа Газрын тосны тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байлаа. Үндсэн хуулийг 1992 онд баталсан гэж бодоход Газрын тосны тухай хууль түүнээс “ах” хууль юм байна. Уг хуулийг шинэчлэн найруулж батлуулахаар 2009 оноос хойш төсөл боловсруулж өргөн барьсан ч өдийг болтол УИХ хэлэлцээгүй байна. Хуулийг шинэчлэн батлаагүйгээс байгалийн баялаг ашигласны төлбөрөөс үүдсэн 35 сая ам.долларын хохирол учирч хоног тутамд 10 сая төгрөгөөр хохирлын хэмжээ нэмэгдэж байгааг оролцогчид хэлж байв.

Монгол Улсын газрын тосны баталгаат нөөц 300 сая баррель гэж тогтоожээ. Харин улсын шатахууны нэг жилийн хэрэгцээ 1,5 сая тонн орчим. Газрын тосоо дотооддоо ашиглавал 45 жилийн хэрэгцээгээ өлхөн хангах гэнэ. Гэтэл Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэлгүй таван жил болсныг хэлэлцүүлэгт оролцсон иргэд хэлж байсан юм.

Буйр нуур, Халх гол, Нөмрөгийн сав газрыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогтын хэлснээр Дорнод аймагт “Хэт” компани 120 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавьсан ч Засгийн газар зөвшөөрөл өгөөгүй аж. Уг нь түүхий эддээ ойр үйлдвэр байгуулъя гэвэл Дорнод, Дорноговь аймагт газрын тосны үйлдвэр байгуулах нь оновчтой ч  Дарханд байгуулахаар дээрээс шийдсэн нь сонгуульд иргэдийн санал татах зорилготой гэж үзэж байгаагаа ч хэллээ.

Дорнодын Тамсагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг“ компани л гэхэд тэдний хууль бус үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийг шүүхэд хандахад нь мөнгөөр өөрийн талд татан авч хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлж байна гэсэн юм. Тэдгээр иргэдэд 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирсныг нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх уг нь тогтоосон юм байна.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд Газрын тосны тухай хуулийг нэн даруй шинэчлэн батлахыг УИХ, Засгийн газраас шаардаж байлаа.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж