Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн
санаачилсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах
үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд
олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.
Дээрх шийдвэрт
хүрэхийн өмнө УИХ-ын гишүүн А.Тлейхан, Батж.Батбаяр нарын хувьд
Эрдэнэтийн дулааны цахилгааны станцыг хувьчлах ёстой гэсэн байр суурь
баримталсан бол УИХ-ын гишүүн Д.Одхүү эсрэг байр суурь барилаа. Тэрбээр
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хувьчилж болохгүй, ийм шийдвэр
гаргах цаг болоогүй гэж үзэж төслийг санаачилсан. Өнгөрсөн хугацаанд төр
12 дулааны цахилгаан станцыг хувьд шилжүүлж үзсэн ч найм нь асуудал
үүсгэж, дөрвийнх нь хувьчлалыг хүчингүй болгосон. Стратегийн чухал
салбараа төр өөрийнхөө эзэмшлээс гаргаж болохгүй, хэсэг хугацаанд
харзнах ёстой байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “20-30
тэрбум төгрөг өгөөд байхад үйл ажиллагаа нь сайжрахгүй байгаа станцыг
төр яах ёстой юм бэ. Хувьд гаргаж, үзэх ёстой юм биш үү. Би бол
цахилгааны инженер мэргэжилтэй хүн. Энэ салбарт ч ажиллаж байсан.
Цахилгаан, дулаан үйлдвэрлэнэ гэдэг ноцтой асуудал биш. Үйлдвэрлэсэн
цахилгаан, дулаанаа хэрэглэгчдэд хүргэх тухай юм шүү дээ. Иргэдэд
үйлчилгээг үнэ хямд хүргэе гэж үзвэл төр түүнийг хувьчлахаас өөр
гарцгүй” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Д.Одхүү “Улсын төсвөөс хөрөнгө
оруулалт хийгээд байхад үйл ажиллагаа нь сайжраагүй станцыг хувийн
хэвшлийнхэн 20-30 тэрбум төгрөг гаргаад сайжруулж, үр ашигтай ажиллана
гэдэгт итгэхгүй. УИХ-ын гишүүдийн лобби бүлэг ажиллаад, Эрдэнтийн
дулааны цахилгаан станцыг хувьчилна гэж ярих юм бол ашиг сонирхол байна
гэж үзэж, өөр аргаар үзнэ шүү” хэмээхэн хатуухан хариу барьсан юм.
Г.Дарь