Ц.Элбэгдоржийг Букингемийн ордонд хүлээн авав

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдоржийг Букингемийн ордонд хүлээн авав

ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Йоркийн гүн, Хунтайж Эндрьютэй Лондон хотноо уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч мэдээлж, уул уурхайд түшиглэсэн эрчимтэй хөгжлийн шатанд Британийн хөрөнгө оруулалт, тэргүүний техник, технологи чухал ач холбогдолтойг тэмдэглээд уул уурхайгаас гадна боловсруулах аж үйлдвэр, дэд бүтэц, тэр дундаа засмал зам, төмөр зам зэрэг салбарт хөрөнгө оруулах өргөн боломж байгаа талаар санал солилцож ярилцав. Тэрчлэн цаг уурын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах асуудлаар олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжтой гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг британийн ТББ-ууд, сангууд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлэв.  

Йоркийн гүн, Хунтайж Эндрью Монгол Улсад хэд хэдэн удаа айлчилж байснаа элэгсэг дотноор дурсч, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаа илэрхийлэв.  
         
Их Британийн Хатан хааны албан ёсны Букингемийн ордонд болсон энэхүү уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар байлцав.

http://www.president.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж