Энэтхэгийн ДНБ-ий
хэмжээ өсөхийн хэрээр, тус улсын зэсийн хэрэглээ 2016 он гэхэд хоёр дахин
өсөхөөр байна. 2011 оны байдлаар тус улсын зэсийн хэрэглээ 600 мянган тонн
байгаа юм.
Үүний зэрэгцээ
Энэтхэгийн катодын зэс үйлдвэрлэгч цорын ганц компани “Hindustan Copper” хайлуулах үйлдвэрээ өргөтгөсөн ч, 2017 он гэхэд тус улсын зэсийн хэрэглээний 90 хувь нь импортод түшиглэх магадлалтай байгааг тус
улсын Төлөвлөлтийн комисс тэмдэглэжээ.
Энэтхэгийн Уул
уурхайн хэрэг эрхлэх газрын мэдээлж буйгаар, тус улс 12.3 сая тонн зэсийн
нөөцтэй ажээ. Гэхдээ үүний 4.8 сая тонн нь эдийн засгийн хувьд ашигтай нөөц юм.
Төлөвлөлтийн
комиссын ажлын хэсгийн тооцоолсноор, Энэтхэгийн ДНБ-ий өсөлт жилд 8 хувьтай
байх бөгөөд зэсийн хэрэглээний өсөлтийг шийдэхийн тулд гадаад улс дахь зэсийн
ордуудыг худалдаж авахад Сангийн яам хөрөнгө гаргах хэрэгтэйг зөвлөжээ. Түүнчлэн
зэсийн баяжмалын импортод тавьж буй одоогийн 2.5 хувийн татварыг хөнгөлөхийн
хамт Австрали, Перу, Чили зэрэг зэсийн баяжмал экспортолдог орнуудтай Чөлөөт
худалдааны гэрээ байгуулахыг зөвлөжээ.
Сүүлийн үед
Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнуудын
Засгийн газар гадаад орнуудын эрдэс баялгийн ордуудыг эх орны төрийн болон хувийн
компаниудаар дамжуулан худалдан авах ажил эрчимтэй өрнөж буй юм.
Б.Төгс