Сүүлийн арваад жил ярьсан, 3.5 сая.ам долларын хөрөнгөөр босгосон боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлчүүдээс гарч буй олон мянган тонн хогны 80 хувийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түлш гаргах авах гэнэ. Олон сая ам долларын хөрөнгөөр боссон үйлдвэр цагт 10 тонн хог ялган боловсруулж, үүнээс эхний ээлжинд 200 кг хатуу түлш гарган авах хүчин чадалтай. Төрөл бүрийн цаас, төмөр, хуванцар сав, лааз болон бусад хог хаягдлыг төрөлжүүлэн ангилах технологитой. Төслийн багийнхны төлөвлөснөөр орон сууц, сургууль цэцэрлэгээс гарч буй хогийг дахин боловсруулж, эхний ээлжинд хог хаягдал нийлүүлсэн байгууллагуудаа хатуу түлшээр хангахаар төлөвлөжээ. Үйлдвэрийг барих төслийг санхүүжүүлэгч БНСУ-ын Засгийн газрын KOICA байгууллагын мэргэжилтнүүд “Хогийг дахин боловсруулж, утаагүй түлш гаргах нь агаарын бохирдлыг багасгахад тодорхой хэмжээгээр нөлөөлөхөөс гадна хогийн цэгийн ашиглалтын хугацааг уртасгах давуу талтай” гэдгийг онцолж байлаа. Тус барилгыг гурван сарын хугацаанд барьсан БНСУ-ын барилгын “КОН-Ху” ХХК, “Хюсон барилга” компанийн инженер техникийн ажилтнууд үйлдвэрийн шат дамжлаг дээр ажиллах ажилтнуудыг сургалтад хамруулж, үйлдвэрт ажиллах мэдлэгтэй болгох тал дээр анхаарах юм байна.
Гэсэн ч ажил жигдрэх болоогүй байлаа. Нарангийн энгэрт өдөрт 50-60 машин хог ирнэ. Тэд бүгд хогийн цэгт дугаарлаад зогсох уу, заримыг нь асгах уу гэдэг асуудал гарч ирнэ. Хогийн цэгээс амьдралаа залгуулагсад хуванцар савыг л гэхэд цэвэр бохироос нь хамаараад нэг кг-ыг нь 150-200 төгрөг, төмөрийг кг нь 30-50 төгрөгөөр ченжүүдэд худалдаалдаг. Тэдний хогноос авах зүйлс ингээд дуусахгүй. Цаасан хайрцаг, лааз, яс гээд л тэдний хувьд бүгд мөнгө. Харин хог боловсруулах үйлдвэрийнхэн эдгээр зүйлсийг хэнээс, ямар үнээр худалдаж авах, тодорхой ашгийг нь хүртээх эсэх асуудал тодорхой бус, түүхий хэвээрээ. Нийслэлийн 372 жилийн ойгоос өмнө хийсэн ажилтай, хэлэх үгтэй байхын тулд тууз хайчлах ажилдаа “ханцуй шамлан” ордог нь магай дарга нарын гэм биш зан юм хойно яалтай ч билээ.
Шинэхэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, сэтгэл нь онгойсон дарга нар Зоогийн газарт болзоо тогтоон явж одлоо. Харин тэднийг уулын бэлээс ажиглаж суугаа эндэхийн жинхэнэ “оршин суугчид”-ын сэтгэгдлийг сонирхсон юм. Тэнд зам засахаар хогийг трактороор тэгшлэн түрж орхижээ. Түүнээс арай дээхэн талд овоохой гэх оромжинд 40 гаруй насны эрэгтэй сууж байв. Харин бусад нь тээр нам доражлаа үргэлжлүүлсээр, ярилцах ч завгүй ажиллана. Хог боловсруулах үйлдвэрт сургаж ажиллуулах талаар сонсч, мэдсэн зүйл байгаа эсэхийг лавлахад “Энд үйлдвэр нээгдэж байгааг мэдэх нь мэдсэн. Энэ хавьд ажилладаг хүмүүсийг ажиллуулна гэж сонсоогүй юм байна. Миний хувьд сүүлийн 10 гаруй жил хогийн цэг даган амьдарч байна. Улаанчулуутыг булаад, энд ирсэн. Энд ирээд жил гаруй болж байна. Үйлдвэр барьж байгаа гээд өчигдөр энэ хавийг трактороор тэгшлээд явлаа. Тэгээд л муу оромжоо зөөж, барьчихаад сууж байгаа маань энэ. Өнөөдөртөө багтааж тээр доор хонхор луу нүүнэ дээ” гэж хэлээд бодлогшрон суулаа. Биднийг ийн ярилцаж байтал овоохойныхоо эзэнтэй хамт амьдардаг гэх 30 орчим насны залуу хүрч ирээд “Үнэхээр энэ доор харагдаж байгаа сайхан үйлдвэртээ ажиллуулдаг бол залуу хүн надад сайхан л хэрэг. Санаснаар бүтэх юм болов уу даа. За яахав ажилд авахгүй байсан ч үлдэгдлийн үлдэгдэл нь бидэнд ирэх биз дээ” гэж хээв нэг өгүүлэв. Буцаж явахдаа 20 гаруй насны хоёр залуутай таарав. Тэд “Зарим өдөр сайн ажиллавал 15-20 мянган төгрөг олчихдог. Хог түүгээд олдог орлогоос үйлдвэрт ажиллаад бага цалин авбал ямар хэрэг байна. Худлаа ярьж, хулгай хийхгүй. Ингээд л амьдарсан нь дээр шүү дээ” гэх үгс урсгана.
Хог тойрсон энэ мэт амьдралыг сугалж аваад шийдэх эхний гарц нь дээрх хог боловсруулах үйлдвэр ч байж болох юм. Гагцхүү энд ажилладаг хүмүүсийг тодорхой хувийг ажлын байртай болгох, хог худалдан авах системээ боловсронгуй болгох, хогноос дахин боловсруулсан түүхий эдийг зах зээлд нийлүүлэх асуудал хамгийн чухал шүү дээ. Жилийн дараа энд эргээд ирэхэд хогон дундах гутамшигт амьдралын дүр зураг өөрчлөгдсөн байгаасай гэж найдая. Мунхаг ч гэлээ муу амьдралыг хүсэх хүн бий гэж үү?