Өмнөд хөршийн Радио, телевизийн улсын хорооноос ийм шийдвэр гаргалаа. Үүний оронд ёс суртахууны сэдэвт нэвтрүүлгийг түлхүү цацах үүргийг мөн өгөв. Уг шийдвэрийн дагуу аль ч суваг оргил цаг буюу оройн 19.00-20.00 цагт хоёроос илүү шоу нэвтрүүлэг явуулах хориотой ажээ.
Хориотой нэвтрүүлгийн жагсаалтад янз бүрийн авьяас сорьсон тэмцээн, уралдаан, ток шоу, реалити шоу зэрэг нэвтрүүлгүүд багтаж байгаа. “Синхуа” агентлагийн мэдээлснээр бол дор хаяж хоёр цагийн мэдээллийн хөтөлбөр тухайн өдрийн цацалтын сүүлийн зургаан цагийн хугацаанд явж байх ёстой гэнэ. Өнгөрсөн сард “Америкийн шүтээн” нэвтрүүлгийн Хятад хувилбар болох шоу нэвтрүүлгийг цаг сунган үргэлжилсэн тул нэг жилээр хаасан билээ. Мөн хөх томруулах мэс заслын сурталчилгааг явуулсныхаа төлөө хэд хэдэн радио, телевизийн суваг шийтгэл хүлээсэн юм.