АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж, нэр төрд нь халдсан,133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ 2.4 жилийн хорих ял оноосон билээ. Одоогоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хоригдож, хорих ангийн ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа бол дэд дарга Д.Сундуйсүрэн мөн Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа юм. Хяналтын шатны шүүх хуралд шүүгдэгч нарт Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар, Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамба, Ц.Монгол нар эрх зүйн туслалцаа үзүүлнэ.
Ч.Сангарагчаагийн Хяналтын шатны шүүх хурал эхэллээ
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас, АТГ-ын Тамгын хэлтсийн дарга н.Бадарч нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал 09.45 цагт Дээд шүүхэд эхэллээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд болж, 2-2.4 жилийн хорих ял оноосон ба өнгөрсөн тавдугаар сард болсон давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан юм.
Долоо хоногийн өмнө товлогдсон ч Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч нар хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлогдоод байсан Хяналтын шатны шүүх хурал ямартай ч хугацаандаа эхэллээ. Харин уг хэргийн өмнөх хоёр шатны шүүх хуралд улсын яллагчаар оролцож байсан нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах 1-р хэлтсийн дарга Ё.Сагсайг өөрчилсөн тул түүний оронд УЕП-ын газрын прокурор н.Батчимэг шүүх хуралд оролцож байна.
С.Отгон