Монгол Улсад засаглалыг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн албыг нийтийн алба болгон зохион байгуулах, түүний ил тод, хариуцлагатай, шударга үйл ажиллагааг бэхжүүлэх, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн сонирхлыг хувийн сонирхлоос дээгүүрт тавих зэрэг үзэгдэл газар авч байгааг хязгаарлах зорилгоор байгааг үндэслэн энэхүү төслийг боловсруулсан байна. Хуулиуд батлагдан үйлчилснээр хяналтгүй хэрэгжиж буй нийтийн албан тушаалтны албан үүрэгтэй зөрчилдсөн хувийн сонирхлыг хориглох, хязгаарлах, зохицуулах эрх зүйн үндэс бүрдэнэ. Түүнийгээ дагаад төрийн албан хаагчдыг тэр дундаа албан тушаалтныг тодорхой баримтгүй хардаж нийтийн албаны нэр хүндийг гутаах, нөгөө талаас нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн сонирхолдоо урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгох замаар авлигад холбогдохгүй байх урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд сонирхлын зөрчил гэдгийг хэрхэн тодорхойлох талаар нэлээд ярилцав. Тухайлбал, татварыг нэмэх, хасахтай холбогдсон асуудлыг хэлэлцэх үед өмнө нь компани эрхэлж байсан гишүүд оролцох уу, үгүй юу энэ мэт асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналтай гишүүд байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “2006 онд татварын хувь хэмжээг 25 хувиар доошлуулсан хуулийг баталж байсан. Аж ахуйн нэгжтэй байсан гишүүдийн хувьд энэ шийдвэр ид шидийн бороо л гэлтэй болсон. Өнөөдөр Засгийн газарт аж ахуй эрхэлж байсан олон хүн бий. Тэгвэл ийм хүмүүс татвартай холбоотой хуулийн төсөл санаачлан оруулж ирж болох уу. Боловсролын асуудал ярихад хувийн сургуультай гишүүд оролцох уу гэх мэт олон асуудал байна” хэмээн жишээ авч тайлбар хүсэв.
Төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатарын тайлбарласнаар, гишүүд хэлэлцэж буй асуудалд оролцож болох эсэх нь шийдвэр гаргах гэж буй нөхцөлөөс хамаарна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хэлэлцэж буй асуудалд сонирхлын зөрчилтэй гэж үзвэл энэ талаараа мэдээлэх хэрэгтэй болох аж. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр бол ихэнх улс оронд сонирхлын зөрчилтэй байгаа бол хэлэлцүүлэгт оролцож буй хүн ил тодоор зарладаг аж.
Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, хувийн компани, сургууль эрхэлж байсан хүмүүс ашиг, сонирхлын зөрчилтэй байна гэвэл өрөөсгөл асуудал болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Өөрөө огт бизнес эрхэлж байгаагүй, гэсэн хэдий ч тодорхой бүлгийн эрх ашгийн төлөө ажилладаг, арьсаа нуусан, төрөөс төрсөн тэрбумтанууд олон байгаа. Тэр хүмүүс бизнес эрхэлж байсан хүмүүстэй адил улсад татвар огт төлдөггүй. Тэгэхээр сонирхлын зөрчил гэдгийг нарийн ярилцаж, тогтоох нь зүйтэй” хэмээн хэлсэн. Энэ мэтээр ухаж яривал Засгийн газрыг огцруулах санал оруулан унагаад, дараа нь өөрөө Засгийн газрын гишүүнээр томилогдвол сонирхлын зөрчилтэй байсан уу, үгүй юу гэсэн асуудал ч гарч ирж байгаа аж. Ямартай ч энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэнээр хуралдааныг өндөрлүүлэв.