Ерөнхийлөгч Оксфордын холбоонд лекц уншив

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Оксфордын холбоонд лекц уншив

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оксфордын их сургуулийн удирдлагатай уулзсаныхаа дараа тус сургуулийн дэргэдэх Оксфордын холбоонд лекц уншлаа. Дэлхийн хамгийн ууган хамгийн нэр хүнд бүхий мэтгэлцээний талбар болсон “Оксфордын холбоо” нь 1823 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэтгэлцээний  байгууллага юм. Ирээдүйн улстөрчид лидерүүдийг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү холбоонд уригдах нь нэр төрийн хэрэг хэмээн дэлхий дахинаа хүлээн зөвшөөрдөг билээ.

Оксфордын холбооны Ерөнхийлөгч Иззи Уэстбьюри ярихдаа “Манай урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд эрхэм Ерөнхийлөгч танд их баярлалаа. Бид тогтмол олон улсад танигдсан,  нэр хүнд бүхий хэн нэгнийг урьж хэлэлцүүлэг өрнүүлдэг юм. Энэ удаагийн  зочин маань Та боллоо. Та бол манай холбоонд Монгол Улсаас уригдсан анхны хүн” гэв. Гадаа оюутнууд лекцийн зааланд суудлаа эзлэхээр дараалан зогссон урт цуваа харагдав. Ерөнхийлөгч Оксфордын холбооны байранд орж танилцаад удирдах зөвлөлийн нь гишүүдтэй дурсгалын зураг авахуулав.

Дараа нь оюутнууд дүүрэн цугласан зааланд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд алга нижигнүүлэн угтлаа. Ерөнхийлөгч яриагаа Монголын тухай товч танилцуулснаар эхлэв. “Монголчууд 2220 жилийн өмнө Хүннү хэмээх их гүрнийг байгуулсан байдаг. 800 гаруй жилийн өмнө одоогийн парламент лугаа Их Хуралдайгаараа монголчууд их эзэн Чингис хаанаа сонгон өргөмжилж, бас хааныхаа зарлигаар Их Засаг хуулиа батлан гаргаж байлаа. Тэр үед европчууд тийм хүчирхэг гүрэн бий болсныг үнэмшихгүй элч илгээж судалж байсан юм. Тухайлбал Марко Полог дурдаж болно.

 Хожим өөр гүрний харьяанд орсон боловч 1911 онд тусгаар тогтнолоо сэргээж, 1921 онд дэлхийн хоёр дахь коммунист орон болсон юм. Орос оронд өөрчлөн байгуулалт хэмээн ярьж байх үед би Украинд дээд сургууль төгссөн. Ингээд эх нутагтаа очоод Монгол орноо өөрчлөх хүсэл төрсөн. Нөхдийн хамт Ардчилсан холбоо байгуулан тухайн үеийн удирдагчидтай хэлэлцээ хийж, дусал цус ч гаргалгүй 1990 оны хувьсгалыг хийцгээсэн юм. Тэр үед Монгол ядуу, хөгжил дорой орон байлаа. Олон улс орон Монголыг мэддэггүй байв. Тэгвэл 20 жилийн дараа өнөөдөр Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалаад явж байна” хэмээн яриагаа эхлээд хэлэлцүүлэг учир та бүхэн асуух зүйлээ асуугаад харилцан ярилцах нь дээр байх гэв.

Оюутнууд олон зүйл асуулаа. Тухайлбал, Монгол, Энэтхэгийн харилцаа, байгалийн баялгаасаа орж ирэх их мөнгийг юунд зарцуулах, Монголд аялал жуулчлал хэр хөгжиж байгаа, арабын ертөнцөд гарч буй тэмцэл өөрчлөлтийг хэрхэн үзэж байгаа, монгол уламжлалт амьдралын хэв маяг, түүнийгээ хадгалж чадаж буй эсэх, хоёр их хөрштэйгөө хэрхэн харьцдаг, байгаль орчны бохирдол ямархуу түвшинд байдаг, Монгол цаазын ялаас түдгэлзсэн тухай, европчуудаас энэ санаачилгыг нь хэрхэн дэмжиж буй болон хоёр намын систем ноёлж байгаа тохиолдолд парламентын үр нөлөө бий эсэх,  монголчууд өөр бусад шашинд яаж ханддаг зэргийг сонирхон асууж байлаа.

Ерөнхийлөгч “Монгол байгалийн баялгаараа дэлхийн баян арван орны нэгд ордог. Баялагтай орнууд амжилтад хүрсэн нь цөөн. Нээлттэй  орнууд л амжилтад хүрсэн байдаг. Монголын эдийн засаг хурдацтай өсч байна. Арван жилийн өмнө Давосын уулзалтад очиход Монголыг сонирхдоггүй байсан. Одоо тэр уулзалтын үеэр олон орны удирдагч Монголын төлөөлөгчтэй уулзахыг хүсдэг болсон байна. Баялгаасаа олсон орлогоос хүмүүсийнхээ эрүүл мэнд, боловсрол, улс орныхоо дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна. Монголын хоёр их хөрш манай ард түмний сонголтыг хүндэтгэдэг. Бид ч тэднийг, бас сонголтыг нь хүндэтгэн харьцдаг. Энэ хоёр гүрэн Монголд хэдий хэмжээний хөрөнгө оруулна төдий дайны ахиу бялуу хүртэх боломжтой.  Бид  мөн гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг чухалчилдаг. Гурав дахь хөрш гэж бусад орнуудыг хэлдэг юм.

Монгол бол нүүдэлчин амьдралын хэв маягтай улс. Хүнээсээ олон морьтой. Та нар монголд  очвол морь унах боломж их бий. Нүүдэлчид бол байгальдаа тун ойр байж, түүнд их зүй зохистой харьцдаг хүмүүс. Нүүхдээ хүртэл бууцаа сайхан цэвэрлээд л явдаг. Би найман хүүтэй малчин айлын отгон хүү. Аав, ээжтэйгээ жижигхэн гэрт хамтдаа амьдарч аз жаргалаа хуваалцаж өссөн хүүхэд насаа дурсан санахад сайхан байдаг.

Монголчууд  эрх чөлөөг эрхэмлэдэг, их хүлээцтэй ард түмэн. Их Монгол улсын нийслэл Хархорум хот гэж байсан. Тэнд буддын, христийн, лалын шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж байсан. Өнөөдөр ч бас зэрэгцэн байгаа. Гэхдээ монголчуудын 80 хувь нь буддын шашин шүтдэг. Аялал жуулчлал хөгжиж байгаа. Та нар Монголд очвол Берлин, Москва, Сөүл, Токио, Бээжин гээд манай шууд нислэгтэй газрууд бий. Даяарчлалд улс үндэстэн бүхэн өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо орохгүй бол сонирхолгүй шүү дээ. Та нар монголд очиход монгол онцлог, ёс заншил, уламжлалыг мэдрэхгүй, эндэхтэй чинь адилхан байвал сонин биш биз дээ” хэмээн ярилаа.

Оюутнууд монгол орны тухай, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний талаар сонирхолтой зүйл ярьж, асуусан бүгдэд нь дэлгэрэнгүй хариулсанд талархан угтан авсан шигээ алга нижигнүүлэн үдлээ.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж