Завхан аймгийн боловсрол, соёлын салбарт энэ жил олон бүтээлч ажил, хөрөнгө оруулалтууд олноор хийгджээ. Завхан аймгийн Боловсрол соёлын газраас энэ жил тус аймагт соёл урлагийн салбарт 156 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэнийг дуулгасан юм. Тухайлбал энэ онд аймгийн хэмжээнд Баруун бүсийн “Уртын дууны наадам”, “Ардын урлагийн их наадам”, “Өсвөрийн морин хуурчдын уралдаан”, Төрийн их тахилга”, “Очирваань хайрханы тахилга”, Улаанбаатар хотод “Завханы өдрүүд-2011” зэрэг томоохон хэмжээний соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулсан. Сумдын соёлын төвүүдийн орчин, материаллаг баазыг бэхжүүлж, Тэлмэн суманд соёлын төвийг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Түүнчлэн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд соёлын төвүүдийн барилгын засвар, тохижилтод 56.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Мөн Алдархаан, Ургамал, Шилүүстэй, Отгон, Цэцэн-Уул зэрэг сумын соёлын төвүүдэд 12 сая төгрөгийн иж бүрэн техник хэрэгсэл олгож, БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар Ургамал, Отгон, Их-Уул, Нөмрөг, Сонгино зэрэг суманд тус бүр таван ширээ, 10 сандал олгогдон үнийн дүнгээр 2.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Мөн Завхан аймгаас сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулалтаар Сонгино, Идэр, Завханмандал, Эрдэнэхайрхан зэрэг суманд 85.6 сая төгрөгийн барилгын өргөтгөл засвар, техник хэрэгсэл нийлүүлжээ.
А.Зул