Х.Наранхүүгийн хэрэг оны дараа хэрэгсэхгүй болно гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Х.Наранхүүгийн хэрэг оны дараа хэрэгсэхгүй болно гэв

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын гэх хэргийг шалгаж байгаа ч эцэслэн шүүхийн шатанд очсон хэрэг алга. Тэдгээр хэргийн нэг нь УИХ-ын гишүүн Х.Наранхүүтэй холбоотой хэрэг юм. Түүнд 2000-2007 онд Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан  гэх үндэслэлээр АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Х.Наранхүүд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул харъяалал тогтоолгохоор нийслэлийн Прокурорт шилжүүлсэн байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Манайд шалгаж байгаа ч харъяалал тогтоолгохоор прокурорт шилжүүлсэн. Прокуророос хариу ирэхээр албан ёсоор мэдээлнэ” гэв.

Нийслэлийн Прокурорын газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор Т.Жадамбаас энэ талаар тодруулахад “Манайд өнгөрсөн долоо хоногт харъяалал тогтоолгохоор шилжиж ирсэн. Үүнийг хяналтын прокурор Д.Туяа хянаж нийслэлийн прокурорын дэд даргад танилцуулснаар албан ёсны шийдвэр гарна. УИХ-ын гишүүн Х.Наранхүүг 2006 оноос өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн даргаар ажиллаж байхдаа улсын мөнгө шамшигдуулсныг тогтоохоор АТГ  шалгаж байгаа. Шалгагдаж байгаа хүнийг үндэслэлгүйгээр нэр төрд нь халдаж, нарийн мэдээллийг нь өгөх боломжгүй. Прокурор хянасны дараа хэрхэн шийдвэр гарсаныг хэлж болно. Ирэх долоо хоногт хариу нь гарах байх” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн улсын мөнгө хувьдаа ашигласан нь тогтоогдвол эрүүгийн хуулийн хүндэвтэр гэмт хэрэгт хамаарах гэнэ.  Монгол Улсын Эрүүгийн хуулинд хүндэвтэр хэрэгт холбогдож хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж заасан байдаг аж. Мөн хөөн хэлэлцэх хугацаа нь таван жилийн хугацаанд хүчинтэй байдаг гэнэ. Тиймээс Х.Наранхүүг 2006 оноос өмнөх хэргээр шалгаж байгаа учраас энэ удаагийн хэрэг хүчингүй болох магадлал тун өндөр ажээ.

Ямар ч гэсэн УИХ-ын гишүүн Х.Наранхүү­гийн гэх энэхүү хэрэг үнэн, худал нь тогтоог­долгүй байсаар он гараад сураг алдрах бололтой.  Өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж­той ч холбоотой байж болзошгүй энэхүү хэргийг тодруулахад нэг иймэрхүү байна.

Өмнө нь хил давахыг нь хориглосон, хөрөнгийг нь битүүмжилсэн гэж сүржигнэж байсан ч одоо хэрэг цайрах шатандаа нэгэнт орсон бололтой.

Ш.Чимэг

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж