Төв банкнаас бодлогын хүүгээ нэмэхээс өөр аргагүй нөхцөлд оруулсан инфляци улсын хэмжээнд 10,5, Улаанбаатарын хэмжээнд 11,9 хувьтай байна. Инфляцийн инерци тогтмол нэмэгдэлтэй байгаа нь дотоодын зах зээл дэх үнэд нөлөөлж, үнийн өсөлт өдгөө бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний бүхий л салбарт нөлөөлж байгааг төв банкны захирлууд тайлбарласан юм. Хэрэглээний үнийн сагсанд дахь 287 бараа бүтээгдэхүүний 215 нь үнийн өсөлтөд нэрвэгдчихээд байгаа гэнэ. Өглөг, буян, халамж хайр нь хэтийдсэн “үрэлгэн” хэмээн хочлогдоод байгаа төсвийн тэлэлт, Хүний хөгжлийн сангаас тарааж буй бэлэн мөнгөний хишиг, зээлийн өсөлтийн хурдац зэрэг нь нийт эрэлтийг нэмэгдүүлж, нийлүүлэлт багатай байгаа энэ нөхцөлд инфляцийн инерцийг түлхэх хөшүүрэг нь болоод байгаа аж. Оны эхэнд инфляцийн нэг оронтой тоонд барина гэдгээ том дуугаар зарлаж, ОУВС-гаас өгсөн анхааруулгыг эс тоон томорч суусан Монголбанкныхан инфляцийн эсрэг бодлогын хүүгээ нэмэгдүүлж, өөрсдийнхөө гаргасан алдааг засахын тулд урсгал сөрж эхэллээ. ОУВС-гаас төсвийн тэлэлтийн эсрэг авч буй мөнгөний бодлогын чангаралт эдийн засгийн урт удаан хугацааны өсөлттэй төдийлөн зохицдоггүй гэдгийг ч зөвлөж байгаа. Монголбанкныхан олон улсын шинжээчдийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрдөг ч үйлдэл үүнийхээ эсрэг урсгалыг байнга сөрдөгт л хамаг учир оршиж буй. Хэргийн эзэн энэ байна гэдэгтэй л адилхан юм даг уу даа.
Их мөнгөний амлалт дагуулсан ирэх жилийн төсвийн төсөл инфляцийн инерцийг идэвхжүүлэх вий гэдэгт төв банк эмээж байгаа бололтой. Тиймдээ ч тэд ирэх жил инфляцийг нэг оронтой тоон дээр барина гэдэгт итгэл муутай байгаагаа илэрхийлсэн. Төсөв яаж батлагдахаас төв банк бодлогын хүүгээ дахиад өсгөх эсэхээ шийдэх гэнэ. Инфляцийн өсөлт эмзэг бүлгийнхэнд хүндээр тусдаг бөгөөд нэг үгээр хэлбэл инфляци өснө гэдэг нь хөрөнгийг ядуугаас нь баячууд руу хуваарилдаг нь болдог учраас л ийнхүү ядуусыг хамгаалалтдаа аваад байгаа юм байх, Монголбанк. Харин ажиглагчид Монголбанк бодлогын хүүгээ нэмэх тусам, жижиг дунд үйлдвэрүүдэд цохилт өгдөг, ядуусыг улам тамирдуулах бодлого болдог хэмээн шүүмжлэх нь бий.
Дотоодын зэх зээлд эргэлдэж байгаа бэлэн мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн бодит потенциалиа давж гарсан нь Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангатгах нэг үндэслэл болсон байна. Түүнчлэн Европын орнуудын өрийн хямрал хийгээд АНУ-ын эдийн засгийн саармагжил зэргээс Монголын макро эдийн засгийг хамгаалж, тогтвортой байлгахын тулд авч байгаа нэг арга хэмжээ нь энэ гэнэ. Учир нь Монголын эдийн засаг гадаад нийлүүлэлтээсээ нэлээд хамаардаг. Тиймдээ ч Монгол руу урсч буй валютын хэмжээ 57 хувиар нэмэгдсэн ч гэлээ Монголоос гадагшилж буй валют нь 80 хувиар өсчээ. Энэ нь Монголоос гарч байгаа хөрөнгийн хэмжээ нь орж ирж буй хөрөнгөнөөсөө давчихсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлт ерөнхийдөө гадагшаа чиглэгдэж буй хэрэг. Албаны хүний хэлсэн үгээр тодотговол, эдийн засгийн тэлэлт, бизнесийн үйл ажиллагааны идэвхжилтэй уялдан барааны импорт, үйлчилгээний төлбөр, цэвэр орлогын шилжүүлэг хэлбэрээр гадагшлах валютын урсгалын хэмжээ эрс нэмэгдэж байгаа. Валютын нийт урсгалын хэмжээ оны эхнээс 2011 оны аравдугаар сарын 21-нийг хугацаанд өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин өсчээ. Мөн хугацаанд валютын цэвэр дотогшлох урсгалын хэмжээ өнгөрсөн оноос 51 хувиар буурсан бол ам.долларын цэвэр дотогшлох урсгалын хэмжээ 14 хувиар өссөн буюу 824 сая ам.долларт хүрсэн гэх судалгааг төв банк гаргасан байна. Монголбанкнаас өгсөн мэдээгээр оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.2 тэрбум ам.долларт хүрч 92 хувиар өссөний дотор экспорт 67 хувиар өсч 3.3 тэрбум ам.долларт, импорт 115 хувиар өсч 4.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Барааны гадаад худалдааны тэнцэл 1.5 тэрбум ам.долларын алдагдалтай болж өнгөрсөн оны мөн үеэс 6.2 дахин, валютаар төлбөр нь хийгддэг барааны гадаад худалдааны алдагдал 441 сая ам.долларт хүрч найм дахин өсөөд байна. Нийт экспортын 73 хувийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр бүрдүүлж байгаа бол нийт импортын 51 хувийг хүнд машин механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улсын төлбөрийн урсгал тэнцэл 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан бөгөөд, үүнээс бараа,үйлчилгээний гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай, хөрөнгө ба санхүүгийн тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай, үүнээс гадаадын шууд хөрөнгө оруулалтын цэвэр дүн 2.4 тэрбум ам.долларт хүрснээр нийт төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын ашигтай байна.
Монголын банк санхүүгийн салбарт зээлийн өсөлт асар өндөр байгаа гэнэ. Гэхдээ жолоодлогогүй хэт өндөр өсөлт эргээд эдийн засгийг хорлох “зэвсэг” болж магадгүй гэдгийг ч төв банкныхан анхааруулсан. Арилжааны банкуудын актив сайжирч, харилцаг, хадгаламж эзэмшигчийн тоо нэмэгдэж, хямралын үеэ давжээ гэсэн дүгнэлтийг ч гаргасан байна лээ. Өнөөдрийн байдлаар нийт валютын нөөц 2,6 тэрбум ам.доллар. Үүнээс цэвэр нөөц нь 2,4 тэрбум ам.доллар гэнэ.
Өнгөрсөн онд ам.долларын эсрэг 13 төгрөгөөр чангарсан төгрөгийн ханш өнөөдөр эргээд гурван хувиар сулраад байгаа аж. Ам.долларын эсрэг суларч буй төгрөгийн ханш богино хугацаандаа л гэхээс урт хугацаандаа айлтгүй гэнэ. Ямарч байсан 2008-2009 оны үед хомсдолоос болоод ам.долларын ханш огцом чангарсан үзэгдэл одоогоор тохиогоогүй гэдэг тайвшруулах тариаг Монголбанк хийнэ лээ. Оны эхэнд 9000 ам.доллар байсан зэсийн ханш дэлхийн зах зээлд 7000 ам.доллар болтлоо буурсан ч эргээд 900 ам.доллараар өсч, цаашаад өсөх хандалга ажиглагдаж байгаа гэнэ. Ерөнхийдөө зэсийн ханш 7000 ам.доллар байлаа гээд Монгол Улсын эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Учир нь өнөөдөр монголчууд зэсээсээ илүү нүүрсээ экспортлох болсон. Нүүрсний экспортоос орж ирж буй хөрөнгийн хэмжээ зэсийн экспортынхоос давсан гэдгийг төв банкныхан өгүүлсэн.
Ямар ч байсан ийнхүү Засгийн газрын халамж хайр, төсвийн тэлэлтийн эсрэг Монголбанк хатуу зогслоо. Гэхдээ нэг чиглэлд явах ёстой хоёр машин өөд өөдөөсөө урсгал сөрөөд давхиж байгаад гэнэт мөргөлдвөл осол гардаг. Эдийн засагт сөрж давхилдах энэ хоёр байгууллага хэзээ нэгэн цагт мөргөлдвөл ямархуу осол гарахыг төсөөлөхөд ч бэрх.
"Ардын эрх" сонин