Монгол улсын Хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн хүү МАН-ын бага хурлын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа. Тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихээр болсон төдийгүй, Сонгуулийн тогтолцоог ямар хуваарилалтаар хийж болох талаар өөрийн гэсэн санал боловсруулсан аж. Ингэх болсон шалтгаанаа өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын Сонгуулийн хуулийг батлаагүйтэй холбон тайлбарлалаа. Түүнийг өндөр боловсрол эзэмшсэн төдийгүй ирээдүйн МАН-ын лидерүүдийн нэг гэж ярьдаг юм.
-2012 оны УИХ-ын сонгуульд таныг Эрдэнэтэд нэр дэвших нь тодорхой болчихсон гэж ярих юм. Энэ үнэн үү. Эсвэл нууц уу?
-2012 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвших бодолтой байгаа нь нууц биш.
-Юуны учраас нэр дэвших болов?
-Яагаад гэдгээ тайлбарлая. Орхон аймгийнхаа иргэдийн ахуй амьдралыг сайжруулахад сурсан мэдсэнээ зориулъя гэж боддог. МинийаавШ.Отгонбилэг Эрдэнэт хотод олон жил ажиллахдаа Монгол Улсын хөгжлийн төлөө олон бодитой ажил хийсэн юм. Тиймээс аавынхаа эхлүүлсэн энэ ажлыг үргэлжлүүлэх хүсэл зорилготой байдаг. Ингэснээр Орхон аймгийн төдийгүй Монгол улсынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрдэнэ гэсэн үг. Тиймээс ч энэ ажлынхаа гараагаа Орхон аймгаас 2012 онд УИХ-д нэр дэвшиж эхлэхээр шийдлээ.
-Одоогийн УИХ дахь төлөөллүүдээс нь та юугаар ялгарах юм бэ?
-Одоогийн улстөрчид Орхон аймгийн ард иргэдийн амьдралыг сайжруулах талаар дорвитой хийсэн зүйл харагдахгүй байна. Миний хувьд Орхон аймгийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсрууллаа.Энэ хөтөлбөрт иргэдийн амьдралыг хэрхэн сайжруулах, нийгмийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгийг нарийн тусгасан байгаа. Үүнийгээ дараа дэлгэрэнгүй тайлбарлана гэж бодож байна.
-Нэр дэвшихээр шийдсэн болохоор чинь асууж байгаа юм шүү. Та сонгуулийн ямар тогтолцоог илүүд үзэж байгаа вэ?
-Өнөөг хүртэл УИХ-ын гишүүд сонгуулийнхаа тогтолцоог тохирч чадахгүй байна. МАН,АН ярилцаад холимог хувилбарыг сонгочлоо. Тойргоо хэрхэн хуваарилах, тойргийн тоо хэд байх вэ гэдэг ойлгомжгүй хэвээр байна. Үүнийгээ шийдвэрлэж чадахгүй асуудлаа даамжруулж, хугацаа алдаад байгаа нь маш муу үр дагавартай. Наад зах нь улстөрчдөд итгэх иргэдийн итгэл алдарч байна. Цаашлаад улс орны ирээдүйг бүрхэгдүүлж байна. Тиймээс ил тод, тодорхой санал дэвшүүлмээр байна. Гэтэл ямар гаргалгаатай гэдгийг харуулж, үзүүлсэн юм алга. Энийг мэдээж УИХ-ын гишүүд шийднэ. Миний хувьд нэгэн санал гаргасан. Түүнд сонгогчийн санал тэнцвэртэй байхаас эхлээд олон зарчим нийцэж байгаа. Харин өнөөгийн гишүүд улс төрийн шинжлэх ухаанд “жерримандеринг”гэж нэрлэдэг арга барил хэрэглэх гэж байгаа нь харагдаж эхэллээ. Энэ нь өөрийн эрх ашигт нийцүүлсэн сонгуулийн хуулийг батлахын тулд бүхий л чадлаараа үзэж байна гэсэн үг. Тиймээс нарийн судалгаа, бодит тоонд суурилан боловсруулсан өөрийн гэсэн саналыг танай сониноор дамжуулан дэвшүүлж байна.
Миний саналаар бол орон нутаг засаг захиргааны нэгж, хүн амынхаа тооноос хамаарч гэдэг утгаараа дор хаяж нэг төлөөллийг сонгох ёстой. Ингэснээр одоо байгаа 26 мажоритар тойрог нь хэвээр үлдэж нийт 50 мандаттай байх, 26 мандат нь пропорциональ агуулгаараа байх саналыг дэвшүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл мажоритар хэсгийн хувьд Монгол улсын УИХ-ын сонгуулийн 26 тойргийн сонгогчдын тоо нөгөө тойргийнхоос их, эсвэл багаас хамаарч мандатын тоо өөрчлөгдөнө. Харин пропорциональ хэсгийн хувьд байгаа 26 тойргоо бүхлээр нь нэг тойрог гэж болгон 26 мандаттай жагсаалт гарна гэсэн үг. Ингэснээр нийт мандатын тоо Монгол улсын Үндсэн хуулийн зарчимаар 76 байна гэж ойлгож болно. Энэ талаар “О.Содбилэгийн дэвшүүлж байгаа сонгуулийн тогтолтооны хүснэгт”-эд тодорхой ойлгогдхоор байгаа. Гэхдээ энэ бол миний дэвшүүлж буй саналюм. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх, боломж нь УИХ-ын гишүүдэд байна. Өнөөгийн яригдаад байгаа 28:48 эсвэл 52:24 гэдэг хувилбар нь тодорхой тайлбаргүй байна. Яагаад 48 гэж хуваасан юм, яагаад 28 эсвэл 38 38 гээд байгаа нь ард түмэнд бодитой ойлголт болохгүй байна. Миний тайлбарлаад буй мажоритари давамгайлсан 50:26 гэдэг хувилбар бол иргэдийн сонгох, сонгогдох зарчимд бодитой тулгуурласан гаргалгаа юм. Энэ саналын талаар надтай санал бодлоо хуваалцах бол нээлттэй гэдгийг хэлье. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарлах, мэтгэлцэхэд бэлэн. “Ямар замаар явах нь сонгуулийн хуулийн зөв гарц вэ?” гэдгийг шийдэх цаг болжээ. Сонгуулийн тогтолцооны талаар надтай санал бодлоо хуваалцахыг хүсвэл Facebook дээр байгаа http://on.fb.me/v2YQcXгэсэн хаягаар хандахыг урьж байна.