”Улстөрчид ахын минь үхлээр шоудаж байна”

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

”Улстөрчид ахын минь үхлээр шоудаж байна”

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу өчигдөр АТГ-ын дарга агсан  Б.Дангаасүрэн Австрали улсын Сидней хотод учир битүүлгээр нас барсан. Албаны эх сурвалжууд түүнийг өвчний улмаас нас барсан гэж байгаа ч талийгаачийн ар гэрийхэн нь гадны нөлөөнөөс болж нас барсан учраас энэ хэргийг дахин шалгаж өгөх хүсэлтээ өнөөдөр Прокурорт тавьж байгаа юм байна. Хэрэв хүсэлт үндэслэлтэй бол хэргийг дахин эхнээс нь хянан шалгах болно. Дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн энэ хэрэг одоо болтол үнэн зөвөөр шийдэгдэхгүй байна гэж түүний дүү үзэж байгаа юм байна. Тиймээс АТГ-ын дарга асан Б.Дангаасүрэнгийн төрсөн дүү Б.Дансалаас зарим зүйлийг тодрууллаа.


-Прокурорт хандаж хүсэлт гаргаж байгаа гэсэн. Ямар хүсэлт гаргаж байгаа юм бэ?

-Миний ах нас бараад дөрвөн жил өнгөрсөн энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхгүй байна. Австрали, Монгол Улсын шүүх эмнэлгийн задлангийн хариу хоёр өөр гарсан. Биднийг шарилыг авчирахад хоёр нүд нь байхгүй, долоон хавирга нь хугарсан байсан. Гэтэл монголын талын эмч нар түүнийг зүрхний өвчнөөр нас барсан гэсэн бол Австралийн эмч нар уургийн дутагдалаас болж нас барсан гэж дүгнэсэн. Гэтэл уургийн дутагдал нь гадны нөлөөний хүчтэй хор хэрэглэсэн тохиолдолд хүний бие дэх найман амин хүчил устдаг юм билээ. Тэгээд Прокурорт эмнэлэгийн дүгнэлт яагаад хоёр өөр байгаа,  таалийгаачийн нүд хаачсан, хугарсан долоон хавирга юунаас болсон, мөн хамт явсан н.Энхтуяа нарын хүмүүс яагаад зочид буудалд орохоосоо татгалзаж айлд очсон, яагаад энэ хэрэг ийм ээдрээтэй байхад хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой тайлбар өгөхийг хүссэн хүсэлт байгаа.

-Таныг олон хүн ахынхаа үхлээр шоудаж байна гэх юм. Прокурор таны хүсэлтийг хүлээн авч дахин шалгах болов уу?

-Намайг олон хүн тэгж байгаа. Гэхдээ дөрвөн жилийн хугацаанд надад уулзаагүй хүн, очоогүй газар байхгүй.  Энэ хүмүүсийн буруутай үйлдэл, шийдвэрийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд би хөөцөлдсөөр л байгаа. Хүн ирж, буцдаг хорвоо. Гэхдээ хүн үнэн зөвөөр үхэх хэрэгтэй шүү дээ. Хоёр нүд нь байхгүй, долоон хавирга нь хугарсан байхад яагаад зүрхний өвчнөөр нас барсан гэсэн онош тавиад байгааг л ойлгохгүй байна. Үүнд тайлбар өгчих хүн олдохгүй байна шүү дээ. Ер нь бол би биш төрийн өндөр албан тушаалтнууд л ахын минь үхлээр шоудаж, худал дүгнэлт, хуурамч мэдээлэл олон нийтэд өгч байгаа.  Тэд буруу дүгнэлт, шийдвэр гаргасан юм чинь түүнийгээ дахин нягтлах байх гэдэгт би итгэж байгаа. 

-Анхнаасаа зочид буудалд буудаллах байсан хэрнээ яагаад айлд очсон юм бол. Хамт явсан хүмүүс нь юу гэж тайлбарласан юм бэ?

-Олон улсын авлигатай тэмцэх бага хуралд очсон юм. Зохион байгуулагчид нь мөнгө өгдөг болохоор мөнгөө хэмнэсэн гэсэн тайлбарийг өгсөн. Гэтэл анх хамт явсан Энхтуяа гэх эмэгтэй монгол руу мэдэгдэхдээ зочид буудалд нас барсан гэсэн мэдээллийг утсаар өгсөн. Намайг очсоны дараа айлд өнгөрсөн гэдгийг нь хэлсэн. Түүнийгээ мөнгөө хэмнэсэн гэж л тайлбарласан. Хамгийн гол нь хоёр нүд, хавирга хугарсан нь ямар учиртайг шүүх эмнэлгийхнээс тодруулахад “Задлан шинжилгээ хийж байхад нүд нь мултраад унах тохиолдол байдаг” гэсэн. Хүний эрхтэн зүгээр салаад уначиж болдог юм уу. Энэ мэтээр асуулт болгон дээр хариулт өгөхгүй эсвэл ийм инээдтэй тайлбар өгөөд байгаад нь харамсаад байна. Дөрвөн жилийн хугацаанд ийм л тайлбар өгсөөр өдий хүрлээ.

-Талийгаачийн гэр бүлийхэнтэй холбоотой байгаа юу?

-Өнгөрсөн долдугаар сараас хойш холбоо тасарсан. Уг нь байнга холбогдож байсан ч сүүлийн хэдэн сараас холбоо тасраад миний утсыг ч авахаа больсон. Одоо хоёр хүүхэд нь их том болсон.

Ш.Оюун

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж