Цэрэг татлагын эхний хоёр дахь өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд цэрэг татлага муу байлаа. Уг нь эхний өдөр 95 гаруй хувьтай байсан ч хоёр дахь өдөр 90 хүрэхтэй, үгүйтэй болж буурчээ. Тиймээс Сүхбаатар дүүргийн хороодын дарга нар болон цагдаагийн байгууллагатай хамтран хүчлэн ирүүлэх арга хэмжээг авсан байна. “Цэргийн зарлан дуудах авчихаад зарлан дуудсан байранд ирэх залуусын тоо хангалтгүй байсан. Ингээд 22-ны бага үдээс эхлэн зарлан дуудах хуудас авсан залуусыг хүчлэн ирүүлэх арга хэмжээг авсан. Зарим нь бүр гэрээс нь баривчлах шахуу юм болж байж үзлэгт хамруулсан. Эдгээр залуучууд хэнэггүй зангаасаа болоод ийм байдал гаргасан байх” гэж Сүхбаатар дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Б.Готовдорж ярьж байсан юм. Бараг сар гарангийн өмнөөс зарлан дуудах хуудас тараагдсан ч нийт цэргийн алба хаах насны залуусын 7,8 хувь нь цэрэг татлагад хамрагдаагүй гэсэн мэдээлэл байна.
Нийслэлийн хэмжээнд цэргийн үзлэгт орсон залуусын дийлэнх нь буюу 30,1 хувь нь өвчний улмаас цэргийн албанаас чөлөөлөгджээ. Ялангуяа Сүхбаатар дүүргийн хувьд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдсөн хүмүүс их байсан аж. “Цэргийн албанаас эрүүл мэндийн шалтгаанаар нэлээд олон хүн чөлөөлөгдсөн. Нүд болон мэс засал, осол гэмтлээр, жингийн харьцаагаар, дотрын өвчлөлөөр дийлэнх залуус чөлөөлөгдсөн” гэж хурандаа Б.Готовдорж ярьж байсан юм. Үнэн хэрэгтээ зөвхөн Сүхбаатар дүүрэгт ийм байна уу гэвэл үгүй. Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт ч ийм байдал ажиглагдаж байсан юм. Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгсдийн дунд онцлохын аргагүй нэг зүйл нь жиндээ хүрэхгүй байх явдал байлаа. Хэдийгээр цөөхөн хувийг эзлэх ч жиндээ хүрэхгүй байх асуудал дүүрэг болгонд гарч байсан гэхэд болно. Бараг бүх дүүрэгт өндөр хувьтай гарсан үзүүлэлт бол сурахаар чөлөөлөгдөх явдал. Нийслэлийн хэмжээнд цэргийн насны залуусын 52,9 хувь нь суралцахаар чөлөөлөгдсөн юм.
Ар гэрийн гачигдлаар ч чөлөөлөгдөх явдал багагүй хувийг эзэлж байлаа. Нийслэлийн хэмжээнд энэ үзүүлэлт 7,4 хувийг эзэлж байсан юм. Хуульд заасан журмын дагуу хөгшин насны хүнийг асардаг, 0-2 насны нялх хүүхэдтэй бол чөлөөлөгддөг ч хуурамч бичиг баримт бүрдүүлэн цэргийн албанаас бултах хүсэлтэй нэгэн нь байдаг ажээ. “Хүүхэдтэй, гэр бүлтэй гэсэн мөртлөө батлуулаагүй, хүүхдийнх нь овог өөр байх тохиолдол ихтэй байна. Ийм учраас шалгаад бичиг баримтын зөрчилтэй зарим залуусыг цэргийн албанд татсан” гэж хурандаа Б.Готовдорж ярьж байсан юм. Энэ асуудал бусад дүүргүүдэд бага хэмжээгээр ажиглагдсан гэх. Энэ удаагийн цэрэг татлагаар бараг бүх дүүрэгт бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байх нь нийтлэг үзэгдэл байжээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх болон зарлан дуудах хуудсаа мартсан эсвэл хоёуланг нь мартсан ирэх тохиолдол цөөнгүй байсан аж.
Энэ удаагийн цэрэг татлагын үеэр мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаасан иргэн 826 байжээ. Нийтдээ эдгээр хүмүүсээс улсын төсөвт 167,6 сая төгрөг төвлөрүүлсэн аж. Мөн гэрээт цэргийн албанд 63 иргэн элсүүлсэн гэх мэдээлэл байна. Сүүлийн жилүүдэд гэрээт цэргийн албыг дийлэнх залуус сонирхох болсон нь авдаг цалин хөлс, улсын хангамжаас шалтгаалж байгааг албаны хүмүүс хэлж байсан юм.
Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнгөрөгч 21-23-ны өдрийн 14:00 цаг хүртэл зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн цэрэг татлага зохион байгуулалтын хувьд сайн зохион байгуулагдсан гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа. Тэр дундаа Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүргүүд маш сайн зохион байгуулжээ.
"Ардын эрх" сонин