Энгийнээр хэлбэл, Мянганы сорилтын сан /МСС/-гийн гол сонирхол нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулахад чиглэдэг. Тиймээс ч хөрөнгө оруулалтаа тийш чиглүүлдэг гээд ойлгочих хэрэгтэй. Харин халагдсан нөхдүүд өөр сонирхолтой байж. Тэгээд л хөрөнгө оруулалтыг нь буруу зүг рүү будаа тээлгэх гээд амар заяа үзүүлээгүй юмсанж. Манайхан биш юм хойно, МСС-гийнхан түүнийг нь үл хүлээн зөвшөөрчээ. Бидний хэлдгээр бол,
-Лай болохоор зай бол гээд л “зайлуулж”. Нэгэнт шийдвэр гарсан болохоор орны хүнийг нь авахаар вейб хуудсандаа ажлын байрны шалгаруулалтын санал тавьсан харагдлаа. Баталгаажсан мэдээлээр МСС-ийн есөн захирлын зургааг нь халжээ. Тиймээс эхний удаад Хотын өмчийн эрхийн төслийн захирал /URBAN PROPERTY RIGHTS PROJECT DIRECTOR/, ерөнхий зөвлөх /GENERAL COUNSEL / гэсэн хоёр албан тушаалтныг сонгон шалгаруулахаар зарлажээ. Энэ мэтээр хоёр хоёроор нь гурван удаа шалгаруулалт хийх биз.
Нэр хугарахаар яс… гэгчээр халагдсан захирлууд “пал” хийтэл хэлчихсэн америкчуудад юугаа ч хэлж чадах билээ. Засгийн газрын тэргүүнээс эхлээд Монголын талын олон сайд удирдах зөвлөлд нь байгаад ч яах билээ. Гадныханд ажил бол ажил. Эзэн нь мөнгөө хэнд хадгалуулснаа мэдчихэж. Ингээд найр тавилгүй халж. Азаар гэх үү, арай ичээгүй байлгүй. Манай томчууд өөрсдийн хүмүүсээ хамгаалахаас татгалзсан бололтой юм. Гэхдээ хэзээний монголчуудын нэр хүнд навс унасан л даа. Өөрсдийнх нь сайн сайхны төлөө харамгүй мөнгө зарцуулж байхад хувьдаа завших санаархалтай байсан хүнийг өөрөөр юу ч гэж бодох билээ.
Харин энэ талаар албаныхнаас мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Ичсэндээ,
-Манай цахим хуудсанд мэдээлэл алга уу… гэж сууна. Манайханд бол энэ гэмт хэрэг биш л дээ. Тэр байтугай хөрөнгө, мөнгө шамшигдуулсан нөхдүүдийг яаж ч чаддаггүй юм чинь. Нөгөөдүүл нь ч мундаг. “Нотолгоо чинь хаана байна” гэж томроод л албан тушаалдаа үлдэж байгаа юм. Зарим нэг нь ял авсан ч хоригдох газар руугаа бус гэртээ дуу аялаад ордог шүү дээ. Ял авсан ч өршөөнө гэж сайхан юм бас байна аа, байна.
Гэтэл гадаадад энэ мэт байдал гаргуулахгүйн тулд маш нарийн хуулийг батлаж, түүнийгээ яв цав мөрддөг. Ер нь л хууль нь зөрчлийг далдлахад бус түүнээс урьдчилан сэргийлэх боломж олгодог гэж ойлгочихоор юм билээ.
Харин манайд улстөрчид л годуу бизнес эрхэлдэг жишиг бий. Хараарай, хаана гайгүй үйл ажиллагаа нь жигдэрсэн компани байна, тэр газар УИХ-ын гишүүний эзэмшил л байх жишээтэй. УИХ ч гэлтгүй, Засгийн газар, түүний агентлагууд, төрийн албаныхан ард нь байдаг компаниуд л “мундаг” шүү.
Харин үүнийг гадныхнын жишгээр аваад үзвэл хэзээ ч боломжгүй байгаа юм. Тэднийхээр бол УИХ-ын гишүүн байна гэдэг өөрөө сонирхлын зөрчилтэй болчихож байгаа юм. Яагаад гэвэл, бүх гишүүд ямар нэгэн байдлаар компанитай. Тэр утгаараа Татварын өршөөлийн хууль боловсруулах, санаачилбал сонирхлын зөрчилтэй болно шүү дээ. Ингээд л хууль батлахдаа сонирхлын зөрчилд орж байгаа юм. Жаахан ахиулсан жишээ авбал, өөрийн эрхэлдэг бизнес, аж ахуйн салбартай холбоотой асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орчихдог. Амташсан зарим нь ажлыг хэсгийг ахлаж ч харагддаг. Тэглээ гээд ямар ч хууль байхгүй юм чинь.
Иймэрхүү байдлын хамгийн том огтолцол бол УИХ-ын гишүүн хийгээд Засгийн газрын гишүүн болох явдал. Ингэхдээ өөрийн бизнесийн салбарынхаа сайд болчих жишээний. Ийм жишээ бишгүй олон. Ганцханыг дурдахад БНН-ын дарга Б.Жаргалсайхан байна. “Буян” гэгч ноолуурын үйлдвэртэй энэ эрхэм Үйлдвэр, худалдааны сайд байсныг хэлэхэд л хангалттай. Гэхдээ энд түүнийг улсын хөрөнгийг идсэн, завшсан гэж огт хэлээгүйг анхаарна уу. Ердөө л сонирхлын зөрчил гэгч үүнийг хэлээд буйг тайлбарлах үүднээс хэлсэн гэж ойлгоорой.
Уг нь энэ бүхнийг хуулиар л зохицуулах ёстой. Тэгэхгүйгээр олон юм ярих ч хэрэггүй. Гэр бүлийнх нь хүн аливаа тусгай зөвшөөрөл олгодог байхад нөгөө нь түүнийг нь хураан авдаг байх нь Монголын нөхцөлд олонтаа. Тэр гэр бүлийн бодлогоор зарим нь зөвшөөрөл авдаг бол нөгөө хэсэг нь хураалгадаг. Тиймээс ч УИХ-ын Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарын хэсэг гишүүн Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа ч батлагдахаасаа өмнө будилаантай болжээ.
Эрхэм гишүүд энэ хуульд тусгаж өгсөн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй тухай заалтыг нь авчихсан дуулдана лээ.
Энэ мэтээр яривал олон зүйл бий. Хамгийн гол нь Монголд сонирхлын зөрчилтэй хүнийг бус хүмүүсийг ажлаас халсан цорын ганц тохиолдлыг Мянганы сорилтын сан бүртгүүлчих шиг болов. Гэхдээ энэ албан ёсоор баталгаажсан мэдээлэл биш. Хамгийн хачирхалтай нь худал бол тэрийг нь хэлээд үнэн бол мэдээлэл өгмөөр юм, энэ байгууллагынхан.
Хэн ч энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа нь эрхгүй нэгийг бодогдууллаа. Чимээгүй байна гэдэг хүлээн зөвшөөрсөний дохио гэж ойлгож болох уу. Гэмгүй байсан захирлыг ажлаас нь халчихвал зүгээр суудаг болсон гэдэгт итгэхгүй юм. Хэрэвзээ тэгсэн бол хэзээний шүүхээр заргалдчихсан, сангаа муулах маягтай хэвлэлийн бага хурал хийгээд л… Тэдний удирдлага дор ажилладаг мэргэжилтнүүд энэ тэр нь “Сайн ажиллаж байсан захирлыг минь халчихлаа. Энэ бол улстөржүүлсэн явдал” гэж аягүй логиктой дүгнэлт хийгээд, хэсэг бужигнуулах л байсан даа. Гадныхан Монгол Улсын нутагт иргэдээс нь илүү эрх мэдэлтэй байна гэж дөвчигнөх ч энүүхэнд л байсан биз.
"Ардын эрх" сонин