Хайрласанд минь уучлаарай

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Хайрласанд минь уучлаарай

Дуучин Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ МУИС-ийн программ хангамжийн анги төгссөн. Энэ технологижсон мэдээллийн эрин зуунд тун эрэлттэй мэргэжил эзэмшсэн ч энэ чиглэлээр ажиллаагүй, урлагт урваж нийтийн дуунд хүчээ үзэж байгаа. Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнэ сүүлийн үед гарч ирсэн Б.Буянжаргал, Э.Төрмандах, П.Идэржавхлан зэрэг зассан шагай шиг шижигнэсэн хэдэн залуустай мөр зэрэгцэн дуулж яваа. Э.Энх-Эрдэнийн дуулсан “Хайрласанд минь уучлаарай” дуу түүний “визитный карт” болоод байгаа, олон ч хүнд хүрсэн. Ямартаа л нийтийн дууны ханхүү Самандын Жавхлан “Хайрласанд минь уучлаарай”-г нь аялчихсан явж байхав. Дуулсан дуу болгон нь хит болдог, монгол сонсогчдыг тэр аяар нь ханаруулдаг “амаараа дүүрэн аялах” дуутай МУГЖ С.Жавхлан санаандгүй аялна гэхээр энэ дуу аргагүй хүнд хүрсний шинж биз. Түүнээс хойш цөөнгүй хит дуу төрүүлсэн. Ер нь Э.Энх-Эрдэнийг урын сандаа их олон дуутай гэдэг. Тэрбээр нэг үе Базарсадын Болдбаатарын дуу бичлэгийн студийг ажиллуулж байхдаа өдөр шөнөгүй, нойр хоолгүй суусаар баахан дуу “үйлдвэрлэж” авсан гэдэг. Гэхдээ энэ дуугаа бөөнөөр нь цацчихалгүй, улам сайжруулаад, ганц нэгээр нь гаргадаг нь Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнийн өөрийнх нь менежмент биз.

Ямартаа ч дуу нь хит болоод байдаг, өөрөө үзэгддэггүй Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнийг олоод харчих юмсан гэсэн хүмүүс хөдөөгүүр олон, тиймдээ ч түүнийг “далдын хар малгайтай” гэлцдэг байсан. Харин саяхнаас “Ард түмнээ сонсох аян”, “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийн хүрээнд дуулуулахаар АН, МАН хоёр уралдаж авч явсаар олон нийтэд ил гарсан. Хүмүүс ч их сайн хүлээж авдаг гэсэн. Үүндээ урамшсан дуучин Э.Энх-Эрдэнэ бие даасан тоглолтоо 10 дугаар сарын 29-нд Улаанбаатар паласт хийхээр болжээ. Урын сангаасаа шигшиж, шигшиж чамбай найруулсан энэ тоглолтод нь түүний найзууд болох  Б.Буянжаргал, Э.Төрмандах, П.Идэржавхлан, Ноён Бондгор Чулуунчимэг, Түмэн-Өлзий нар болон “Мотив”, “Sync” хамтлаг, ХЦДБЧ-ынхан оролцоно. Нийслэлийн баярын өдөр болох Эрдэнэ-Очирын Энх-Эрдэнийн тоглолтод Улаанбаатарчууд бултаараа очиж, Улаанбаатар паластаа бут авна биз ээ.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж