Романтизмын үеийн шилдэг бүжгэн жүжгийн нэг Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балетыг энэ сарын 30-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт тоглох гэж байна. Энэхүү гайхалтай бжүгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Jean Coralli Jules Perrot нарын дэглэлтээр Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа амилуулж байжээ. Үүний дараагаар 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондонд, тухайн оны арванхоёрдугаар сарын 30-нд Москвад, 1843 оны нэгдүгээр сарын 17-нд Италийн Миланд, 1846 оны нэгдүгээр сарын 1-нд АНУ-д тус тус тоглож байжээ. Харин 1884 оноос эхлэн балетмейстер Marius Petipa-гийн дэглэлтээр тавьсан нь өнөөгийн бидний үзэж буй гайхамшигт “Жизель” бүжгэн жүжиг юм. Marius Petipa-гийн дэглэсэн хувилбар нь илүү өргөн хүрээтэй, дээд зэрэглэлийн болсон байна. Харин манай улсад анх 1979 онд тайзнаа амилуулж байв. А.Аданы “Жизель” нь бүжгэн жүжгийн төгс хэлбэрийг олсон гэж үздэг бөгөөд тухайн үед алдарт Мария Тальони пуанты /хуруун дээрээ/ бүжиглэжээ.
М.Дөлгөөн
Ирэх ням гаригт УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж буй “Жизель” бүжгэн жүжгийн гол дүр болох тариачин охин Жизельд Г.Цолмон, Алберьтад О.Ганцоож, Ганст Х.Мөнгөнхөлөг, Батильда Р.Байгальмаа, Вильфрид А.Өлзий-Орших, Мирта Г.Батчимэг, хоёр вилис Б.Энхтуул, Б.Пүрэв-Очир, Жизелийн ээжийн дүрд Ш.Оюунтуяа нар тоглох юм.
М.Дөлгөөн