Монголбанкнаас өгсөн мэдээгээр манай улсын нийт хадгаламж өмнөх сарынхаас 3.6 хувь, өнгөрсөн оны мөн үеийнхээс 61.9 хувиар өсч, гурван их наяд, 682 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн жилийн өсөлт сүүлийн саруудад харьцангуй тогтвортой байсан бол есдүгээр сард валютын хадгаламжийн жилийн өсөлт 7.3 нэгж хувиар буурсны улмаас нийт хадгаламжийн жилийн өсөлт өмнөх сарынхаас 2.4 нэгж хувиар буурсан байна. Иргэдийн төгрөгийн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 62.6 хувь буюу 939.8 тэрбум төгрөг, аж ахуйн нэгж, байгууллагуудын төгрөгийн хадгаламж 3.2 дахин буюу 238.8 тэрбум төгрөг, гадаад валютын хадгаламж 34.4 хувь буюу 228.9 тэрбум төгрөгөөр тус тус өсчээ. Нийт хадгаламжийн 75.7 хувь нь төгрөгийн, 24.3 хувь нь валютын хадгаламж бөгөөд төгрөгийн хадгаламжийн эзлэх хувь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.0 нэгж хувиар нэмэгдсэн байна.
Ж.ГЭГЭЭ
Ж.ГЭГЭЭ