Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ

Монголбанкны Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, бодлогын хүүгээ  нэмэх шийдвэр гаргажээ. Энэ талаар өнөөдөр хэвлэлийнхэнд дуулгасан юм. 

Инфляцийн өсөлт бодож байснаас илүү хурдацтай  байгаа болон хэрэглээний сагсан дахь бараа бүтээгдэхүүний дийлэнхийнх нь үнэ өссөн нь төв банкийг бодлогын  хүүгээ нэмэхээс өөр аргагүйд хүргэсэн гэнэ. Урьд нь зөвхөн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд өсөлт харагддаг байсан бол өдгөө бүх салбарын, бүх бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ гэрлийн хурдаар өсөх болсон байна.  Энэ нь төсвийн тэлэлттэй холбоотой эдийн засгийн сөрөг үзэгдэл гэдгийг ч тус банкныхан онцолсон. Тиймээс мөнгөний бодлогын хүүг 12,25 болголоо.

Оны эхээр инфляцийг нэг оронтой тоонд барина хэмээн “том дуугарч” асан Монголбанкныхан төсвийн тэлэлтээс болж эрчимтэйгээр нэмэгдэж буй инфляцийг хоёр орон давсныг хүлээн зөвшөөрлөө. Өдгөө инфляци улсын хэмжээнд 10,5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 11,9 хувьтай байна. Засгийн газраас төсвийг хэтэрхий тэлж, Хүний хөгжлийн сангаас бэлэн мөнгө их хэмжээгээр тараасан нь эрэлт нэмэгдүүлж, энэ нь цаашлаад бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг өсгөх гол шалтгаан болсон байна. Тэр тусмаа их мөнгөний амлалт дагуулсан ирэх жилийн төсөв инфляцийн дарамтыг нэмэгдүүлж,  макро эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй байгаа гэнэ. Гэхдээ энэхүү бодлогын хүүгийн өсөлт ирэх жилийн үрэлгэн төсвөөс хамгаалж буй хамгаалалт биш, өнөөдрийн үнийн өсөлтийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэдгийг ч төв банкны захирлууд тайлагнасан. Түүнчлэн Европын орнуудын өрийн хямрал, АНУ-ын эдийн засгийн саармагжил бүхэн  дэлхий эдийн засагт таагүй уур амьсгалыг бүрдүүлж буй бөгөөд дэлхий дахинд тархаж буй эдийн засгийг томуунаас сэргийлэх ганцхан арга хэмжээ Монголбанкны хувьд бодлогын хүүгээ нэмэх явдал аж. Он гарсаар төв банк бодлогын хүүгээ гурван удаа өсгөөд байна. 

Инфляцийн нэмэгдэл энгийн иргэдэд ачаалал нэмж, харин баячуудад мөнгө босгох боломж олгодог. Өөрөөр хэлбэл, хөрөнгийг ядуугаас нь баячууд руу шилжүүлдэг эдийн засгийн үзэгдэл гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан. Одоогоос ердөө дөрөвхөн сарын өмнө инфляци хамгийн таатай хэмжээндээ байгаа хэмээн мэдэгдэж байсан Монголбанкныхан өнөөдөр өөрсдийнх таамаглаж байснаас асуудал өөрөөр эргэснийг ийнхүү хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн бололтой.

Төвбанк бодлогын хүүгээ нэмснээр арилжааны банкууд зээл олголтоо хумих уу гэдэг асуултад мэргэжилтнүүд “тодорхой хэмжээгээр” гэх хариулт өгсөн. Өнөөдөр арилжааны банкуудын актив Монголбанкны бодлогын хүүгээс хамаарахгүйгээр сайжирсан байгаа. Гэхдээ арилжааны банкуудын активын өсөлт өндөр байгаа нь бас анхаарахгүй орхих асуудал биш юм байна.

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж