Гишүүн С.Бямбацогтын танилцуулснаар Хурлын хянан шалгах бүрэн эрхийн тухай асуудлыг хуулиар зохицуулсан байдаг боловч уг зохицуулалтууд нь УИХ-ын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд хангалтгүй, өнөөгийн нөхцөлд тохиромжгүй, зөрчилтэй байдал үүссэн, гишүүдийн тэгш байдлыг хангаагүй байгаа юм байна. Тэрбээр “Монгол Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, илүү боловсронгуй болгох, Засгийн газрын мэдээлэл хэлэлцдэг дэгийг илүү нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Иймд:
-Асуулга тавьсан гишүүн өөрөө хүсвэл УИХ-аас тодорхой шийдвэр гаргуулах хүсэлтээ нэгдсэн хуралдаанд тавьж, нэгдсэн хуралдаан УИХ-аас тодорхой шийдвэр гаргах талаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тухайн асуудлаар шийдвэр гаргах шаардлагатай гэж үзвэл асуудал хариуцсан байнгын хороонд энэ талаар чиглэл өгч тогтоол баталдаг байх,
-Засгийн газрын асуулга, асуултад хариу өгөх хугацааг багасгах,
-Хяналт шалгалт явуулахаар байгуулагдсан ажлын хэсгийг тодорхой хугацаа зааж ажиллуулж байх,
-Засгийн газрын гишүүн болон бусад хүмүүс гишүүний асуултад хариулах, тайлбар хийхдээ үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлах бөгөөд худал мэдээлэл агуулсан хариулт, тайлбар өгсөн гэж асуулт тавьсан гишүүн үзвэл тухайн албан тушаалтны талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж болох,
-хариулт нь бичгийн А4 хэмжээний гурван хуудсаас илүүгүй байх бөгөөд шаардлагатай бол бусад судалгаа, лавлагаа, мэдээлэл хавсаргаж болдог байх,
-УИХ-ын дарга асуулгын хариу, Засгийн газрын мэдээллийг цаг үеийн нөхцөл байдалд уялдуулан зохицуулах үүднээс Зөвлөлийн саналыг харгалзан дарааллыг нь өөрчлөн зохицуулалт хийж болох,
-Асуулт асуух, түүнд хариулт өгөх зохицуулалтыг нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаан өөр байхаар зохицуулах,
-Засгийн газрын мэдээллийн үед бүх гишүүд тэгш эрхтэйгээр хэлэлцүүлэгт оролцох,
-Ерөнхий сайдад тавьсан асуулгыг Ерөнхий сайд өөрөө хариуцан хэлэлцүүлдэг байх зэрэг зохицуулалтыг бий болгох болон тэдгээртэй уялдуулан бусад нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хэллээ.
Р.Раш нарын гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах талаар наадмын өмнө хэлэлцсэн. Дахин дахин хуулиараа оролдоод байх нь дэмий гэсэн үгийг хэлж байв. Гэхдээ гишүүд “УИХ өөрийнхөө тухай хуульд хайхрамжгүй, дутуу ханддагаас дахин дахин гар хүрэх хандлага гарч байна” гэсэн юм.
Гишүүн Х.Тэмүүжин “Ерөнхий сайд холоос ярьдаг. Ирээд гишүүдийн асуултад хариулахгүй телевизээр хариу өгдөг. Хянах боломжгүй тул гишүүд бухимддаг болсон” гээд төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Гишүүд дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.