Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийнхээ газрын албатай хамтран гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 148 метр урт, явган хүний замыг засч, тохижуулан дүүргийн оршин суугчдад хүлээлгэн өглөө. “Чингис хаан” зочид буудлын замын эсрэг талын орон сууцны дунд байрлах эл явган хүний замыг тохижуулахын тулд тус дүүргийн газрын албаныхан тухайн газарт байсан 30 гаруй тоосгон болон төмөр чингэлгүүдийг нурааж, нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү газрыг нь суллан хүүхэд хөгшид, оршин суугчдад зориулсан амрах тухтай орчинг бүрдүүлсэн байна. Үүнд, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, амарч тухлах сүүдрэвчийг барьж байгуулсан бөгөөд явган хүний замыг иж бүрнээр нь тохижуулжээ. “Явган хүний зам” арга хэмжээний хүрээнд хийгдсэн эл замын ажлыг “Төгс Чандмань” компанийнхан сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэжээ.
Түүнчлэн тус дүүргээс удахгүй тохиох нийслэлийн өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 26 буюу маргаашийг бүх нийтийн их цэвэрлээний өдөр болгон зарлажээ.
А.Зул