УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголыг авч хэлэлцсэн нь хуралдааны уур амьсгалыг хурцлав. Уг нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тус байнгын хороонд харьяалагддаггүй боловч, орж ирээд суучихсан байв. Улмаар эрхэм гишүүн Сангийн яамныханд хандан асуудал тавьсан нь тойрогтой нь холбогдож, улмаар гишүүдийн дургуйцлийг хүргэв. УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг байнгын хорооны даргад хандан “Байнгын хорооны харьяаллын бус гишүүн орж ирээд хурал үймүүлж байгааг сануулбал Д.Оюунхорол гишүүн уурсч, “Завхан нутгийнханд их нүгэл хийсэн хүн шүү дээ чи” гэх зэргээр дайралтаа хурцлав. Ц.Сэдванчиг гишүүн ч мөчөөгөө өгөлгүй “Хүний аминд хүрч, нүгэл үйлдсэн хүн дээ чи” гэж хэлсэн нь маргааныг улам хурцатгаж, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга алх цохин дэгтэй байхыг сануулснаар дайралт зогсов. Мөн энэ үед байнгын хорооны хуралд оролцох гишүүдийн ирц хангалтгүй байсан тул ирцээ бүрдүүлж байж, хурлаа үргэлжлүүлэх санал гаргаж, ажлын албаныхан ирц хангах үүрэг хүлээснээр хурал хэсэг завсарласан юм. Ирц бүрдсэнээр хурал үргэлжилж, төсвийн тодотголд аль болох тойрогтойгоо холбоотой хөрөнгө оруулалтыг тусгахаар гишүүд улайрч, зарим нэг гишүүн бүр 2010 оныхоо гишүүний мөнгийг ч нэхэж, бангадуулав.
Г.Дарь