Б.Чинбатын “Давтагдашгүй” үдэшт саатаарай

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Б.Чинбатын “Давтагдашгүй” үдэшт саатаарай

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, продюсер, дуучин гээд тал бүрийн авьяастай Б.Чинбатын анхны бие даасан “Давтагдашгүй” тоглолт энэ сарын 27-29-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Б.Чинбат өөрөө “Би энэ тоглолтыг аавдаа зориулж хийж байгаа юм” хэмээн тоглолтынхоо талаар товч бөгөөд тодорхой тайлбар хэлсэн. Түүний хэвлэлийн хуралд дуучин Т.Ариунаа, Д.Жаргалсайхан, Б.Дашдондог, “On’n Off” продакшны захирал С.Ононбат, Б.Долгион, “Sweetymotion” хамтлаг, Америкийн хөгжимчид зэрэг уран бүтээлчид оролцов. Тэд Б.Чинбатыг ийнхүү тодорхойлов.

Т.Ариунаа: Би Чинбаатай 1991 оноос хойш хамтарч ажиллаж байна. 1997 онд хийсэн “Зөвхөн чиний тухай” тоглолтын минь продюсерээр ажилласан. Би маш азтай дуучин. Чинбаагийн зохиосон ихэнх дууг би дуулсан байдаг. Тиймээс би өөрийгөө азтай дуучин гэж өөрийгөө боддог. Хамгийн сүүлд бид хоёр “Домгийн өглөө” дуут богино кинонд хамтран ажилласан.

Б.Долгион: Монголын рок поп урлагийн маш авьяаслаг, цоглог уран бүтээлч. Түүний авьяас үнэхээр олон түмний нүдэнд харагдаж байдаг. Би Чинбааг Америкийн алдарт дуучин, жааз хөгжмийн хатан хаан Арета Франклины даралтад хөгжимчнөөр ажиллаж байгаа гэдгийг сонсоод шоконд орсон. Үнэхээр шоконд орсон шүү. Тэр бол дэлхийн дуучин. Харин дэлхийн дуучин монгол залууг хөгжимчнөөрөө сонгосон гэхээр бахархмаар байсан.

Д.Жаргалсайхан: Дэлхийн хөгжмийн хамгийн том сэтгүүл болох “Rolling Stone” сэтгүүлд хамгийн алдартай 100 дуучны тухай бичсэн байдаг. Энэ сэтгүүлд дэлхийн хамгийн шилдэг номер нэг дуучнаар Арета Франклин гэж бичсэн байна. Тэгвэл энэ дуучны даралтат хөгжимчин нь манай Чинбаа гээд бод доо. Миний хувьд тэр бол маш мэдрэмжтэй найруулагч, дуучин. Миний “Эрхүүгийн хавар”, “Аварга зээрд” гээд олон дууны хөгжмийн найруулгыг хийсэн. Түүний хөгжмийн найруулга бусдаас онцгой байдаг.

Б.Дашдондог: Би нэг их олон зүйл хэлэхгүй. Б.Чинбат бол Монголын номер нэг  төгөлдөр хуурч гэж би хувьдаа боддог.

Төгөлдөр хуурч Б.Чинбатын тухай Монголын рок поп урлагийн “акулууд” ийнхүү хэлж байна. Тэд бүгд түүний “Давтагдашгүй” тоглолтод оролцоно. Тоглолт гурван өдөр болох бөгөөд Б.Чинбатын найруулга хийсэн болон түүний хөгжмийн бүтээл, дуунаас эгшиглэх юм. Харин тоглолтод рок попын уран бүтээлчдээс гадна Америкаас ирсэн мэргэжлийн шилдэг хөгжимчид, симфони найрал хөгжимчид, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан оролцох юм. Сонирхуулахад, тэрбээр хамгийн сүүлд “Аравт” түүхэн уран сайхны киноны хөгжмийг бичсэн юм. “Аравт” киноны дан хөгжмийн цомог хэвлэлтээс саяхан ирсэн төдийгүй “Давтагдашгүй” тоглолтын үеэр худалдаалах гэнэ. Тоглолт Соёлын төв өргөөнд аравдугаар сарын 27, 28, 29-нд 19.00 цагаас тус тус эхэлнэ гэдгийг дахин сануулъя. Чинбаагийн “Давтагдашгүй” үдшийн тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 15000, 10000 төгрөгийн үнэтэй юм.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж