Монгол дэлхийн зах зээлээс валют босгох боломжтой

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Монгол дэлхийн зах зээлээс валют босгох боломжтой

Ардчилсан намынхан ирэх жилүүдэд эдийн засгийн хувьсгал хийхээ мэдэгдэж, энэ хүрээнд цуврал лекцээр хэлэлцүүлэг өрнүүлэх болсон билээ. Хоёр дахь нь хэмээн тодорхойлж болохуйц “Эдийн засийн хувьсгал эхэллээ” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордны их танхимд үргэлжиллээ. Түүнд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх боломж байгаа талаар энэ удаагийн илтгэлээрээ сонордууллаа. Уул уурхайн арвин их баялаг Монгол Улсыг баян ч болгож болно, бас хоосруулж ч мэднэ. Тэгвэл Монгол Улс яах ёстой вэ, дан ганц уул уурхайн салбарыг шүтэж амьдрах нь хэр зохистой вэ гэдэг дээр энэхүү лекцийн утга учир оршлоо. Уул уурхайн олборлолттой холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эцэст 20 хувьд хүрэх урьдчилсан тооцоо бий. Мөн Оюутолгой,Тавантолгойн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхэд нэг хүнд ногдох ДНБ одоогийнхоос өснө гэсэн гаргалгааг эдийн засагчид хийх болсон. Тухайлбал, Засгийн газраас 2012 онд нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан гаргалгаа хийгээд байгаа. Хэрэв Монгол Улс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлж чадвал богино хугацаанд иргэддээ эдийн засгийн хувьсгалыг авчрах боломж байна. Олон тулгуурт эдийн засаг дотор уул уурхайн салбараас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбар хамаарч байна. Эдгээрээс хөдөө аж ахуйн салбарыг авч үзвэл Монгол Улсын хувьд ноолууран бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх боломжтойгоос гадна махны экспортыг нэмэгдүүлэх “шаанс” байна. Өнгөрсөн түүхүүдээ эргэн харвал УИХ болоод Засгийн газрын зүгээс мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талд анхаарал хандуулахдаа тохиолдлын чанартайгаар дэмжлэг үзүүлж иржээ. УИХ-ын хаврын чуулганаар 300 тэрбум төгрөгийн бонд гаргах зөвшөөрлийг УИХ-аас Засгийн газарт олгосон нь хамгийн том дэмжлэг гэж хэлж болох аж. Гэхдээ ноолуурын “сезон” өнгөрсөн үед 150 тэрбум /үлдэж байгаа 150 тэрбум төгрөг нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зарцуулагдана/ төгрөгийн бонд гаргахаар болсон нь нэг талдаа цаг хугацааны хувьд оройтсон арга хэмжээ юм байна. Тэгэхдээ төрөөс нэгэнтээ хөрөнгө зарцуулсан хойно “чулуу” болгох нь чухал. Үүний тулд ноолуур самнах, боловсруулах үйлдвэрийг байгуулахаас гадна брэнд бүтээгдэхүүнийг бий болгож, дэлхийн зах зээлд хөл тавих нь Монгол Улс “цагаан алтаараа” валют босгох боломжтойг харуулж буй аж. Мал аж ахуйн салбарын хувьд эргэн нөхөгддөг баялагтай байдгаараа  уул уурхайгаас давуу талтай. Тэр ч утгаараа илүү ашиг авчрах боломжтой салбар юм байна.

Хоёр дахь нь махны экспортыг нэмэгдүүлэх явдал. Одоогоор Монгол Улс ОХУ-д мах экспортолдог. Өөрөөр хэлбэл, махны экспорт дан ганц хойд хөршөөр хязгаарлагдаж байна. Уг нь 43 сая толгой малтай монголчуудын хувьд жилдээ 10 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байхад малчдын амьжиргаа сэгхийтэл дээшлээд ирэх төдийгүй түүнийг дагаад ажлын байр олноор бий болж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангахад жинхэнэ тулгуур болж зогсох аж. Монгол Улсын махны дотоодын хэрэгцээ 250 мянгаас 300 мянган тонноор хязгаарлагддаг бол гадаад зах зээлд 110 мянган тонныг экспортолдог. Гадаадад экспортолж буй мах нэг кг нь нэг ам.доллартай тэнцэж буй нь зах зээлээ зөвхөн хойд хөршөөр тодорхойлж болохгүйн жишээ. Иймд агаарын тээврийг ашиглан,  санал тавиад байгаа Япон улс руу адууны мах,  булангийн орнуудад хонины махыг экспортлох нь эргээд эдийн засагт ирэх үр өгөөжийг дээшлүүлнэ. Энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажиллах ёстой. Нөгөө талаас малчдын хувьд хөдөлмөрөө хоршин хоршоо байгуулж, малаа эрүүлжүүлэх талд анхаарал тавих ёстойг ч танилцуулгынхаа үеэр онцоллоо. Дэлхийд өнөөдөр Голланд, Шинэ-Зеланд гэсэн хоёр орон хонины махаараа эхний нэг, хоёрдугаарт байр жагсч байна. Харин гуравт Монгол Улс бичигддэг гэнэ. Гадаадын орнууд санал тавьдаг ч, дээр дурдсан тээвэрлэлт. Япон улсаас адууны мах авах санал тавихад тээвэрлэлтийн асуудал дээрээ гацчихаад сууж буй. “МИАТ” компанийн хувьд агаараар мах тээвэрлэх боломжгүй гэсэн хариулт өгснөөс болоод ямар ч байсан ойрын хугацаанд махны экспортоор мөнгө олох төлөвлөгөө хэрэгжихэд бүтэл муутай байх бололтой. Гэхдээ шалтаг тоочоод хойшоо суугаад байж болохгүй, зүтгэх л хэрэгтэй. Ингэж байж гэмээнэ Монгол Улс мал аж ахуйгаас олж байгаа баялагаа дэлхийн зах зээлд гаргаж, дан ганц уул уурхайгаас хараат болох замаас ангижирна.

Дараагийн валют босгох салбар бол аялал жуулчлал. Хүн амаараа Монгол Улстай дүйх орон бол Боствана. Нэг ёсны хоёр сая гаруй хүн амтай, далайд гарцгүй боловч алмааз эрдэнээрээ аялал жуулчлалыг хөгжүүлж чаджээ. Газар нутгийнх нь гуравны хоёр нь үржил шимгүй байхад шүү. Тэгвэл Монгол Улсын хувьд 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгаараа аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж дүүрэн байна. Гол нь дэд бүтцээ хөгжүүлэх нь чухал. Аялал жуулчлал хөгжиж байна гэх гоё үгийг салбарын яамнаас жил бүр тайлагнадаг ч дэлхийн жишигтэй харьцуулаад үзвэл манайх сүүл мушгидаг аж. Жишээ нь Балба улс аялал жуулчлалаас ДНБ-ийнхээ 58 хувийг бүрдүүлдэг байхад Монгол Улс ердөө наймхан хувь. Тодруулж хэлбэл, манай жуулчны компаниуд нэг жуулчин ирэхэд 650 ам.доллар л авдаг байна. Харин “Наран туул” худалдааны төв, Их дэлгүүр орчимд зогсож, жуулчдын халаасыг гөвдөг урт гартнуудын хувьд жуулчны компаниудаас ч илүү мөнгийг авчихсан байж болох гэсэн. Тиймээс аялал жуулчлалаас олох орлогыг өсгөхийн тулд төр засаг бас анхаарлаа хандуулах цаг болжээ.

Гурав дахь мөнгө олох салбар нь мэдээлэл технологийн салбар. Асар хурдацтай хөгжиж буй энэ салбарт Монгол Улс амжилттай давхиж яваа. Өнгөрсөн онд энэ салбарынхан татвараар 470 тэрбум төгрөгийг улсад өгчээ. Өөрөөр хэлбэл, энэхүү мөнгөн дүнг ДНБ-нд оруулан тооцвол 10 хувьтай тэнцэх гэнэ. Өнгөрсөн сараас мэдээллийн хурдны зам Монгол Улсыг дайран өнгөрдөг болсноор гадаад орнуудаас валют босгох боломж нээгджээ. Гол нь санаачилгыг ажил хэрэг болгохын тулд хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстойгоос гадна өнөөх дээр дурдсан дэд бүтцийн хөгжлийн асуудал тавигдаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж