Чингэлтэй дүүргийн газрын маргаан иргэдийг ч эрх мэдэлтнүүдийг ч бухимдуулж эхлэв бололтой. Анх 2010 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 180 дугаар тогтоол гарч Чингэлтэй дүүргийн “Тэнгис” кино театрын зүүн талын 0.15 га талбайг эзэмшил, ашиглалтад “олгохгүй” байх тухай заасан байдаг. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан 180 дугаар тогтоолоо өдийг хүртэл хүчинтэйд тооцсоор ирсэн гэж байгаа. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө 30 гаруй бөх “Тэнгис” кино театрын зүүн ард зөвшөөрлийн бичиг баримтүзүүлэлгүй хашаа хатган багагүй хэрүүл, маргаан үүсгээд амжсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга Т.Билэгтийн 180 дугаар тогтоолд Нийслэлийн 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбай, түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах зорилгоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшилд газар олгохгүй болон барилга, байгууламж барихыг хориглох, газрын байршил хэмжээг хавсралтаар тогтоосугай” хэмээн заасан бөгөөд Улаанбаатар хотын дарга Г.Мөнхбаярт хотын нутаг дэвсгэрт эзэмшил, ашиглалтанд олгохгүй болон барилга байгууламж барихыг “хориглосон” газрын байршил, хэмжээг нарийвчлан судалж тусгуулах, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгасан. Гэвч хотын даргын гарын үсэгтэй 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн “Барилга барих, газар эзэмших эрх олгох тухай” 296 тоот захирамжийн хуулбарыг Чингэлтэй дүүргийн газрын албаныхан “Тэнгис” кино театрынхан болон тус дүүргийн тавдугаар хорооны иргэдийн өөдөөс харуулаад “инээж” сууна. Уг нь өнгөрсөн долоо хоногт хөдөө орон нутгаар ажиллаж байна гэсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд өчигдөр надтай уулзахаар тохирсон боловч энэ асуудлаас хол байхаар шийдсэн бололтой “бултав”. Улмаар Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газарт 4/0198 дугаар бүхий 360 ам метр бусад 0.0256 /га/ газрыг таван жилийн хугацаатай “Номын сан” байгуулах зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ гаргажээ. Уг гэрчилгээг 2011 оны долоодугаар сарын 4-ны өдөр гаргасан бөгөөд өөрийнх нь гарын үсэг байх юм. Уг гэрчилгээний талаар тодруулах гэсэн боловч мөн л “бултав”. Г.Ган-Билиг мэргэжилтэн ч ажлаа сайн хийж даргын зааварчилгаагаар “Тийм гэрчилгээг олгосон нь үнэн” гэх товч хариултыг өгөөд бас асуудлаас “бултав”. Сүүлдээ өрөөнийх нь гадаа хоёр цаг хүлээсэн боловч ирэх шинжгүй байв.
“Тэнгис” кино театрын ойр хавийн талбай багагүй хувь нь нийслэлийн харьяанд байдаг “Тэнгис” кино театрыг анх залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн кино театртай болгох зорилгын дагуу байгуулж байсан. Тухайн үед Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэд, цаашлаад их хотын залуус ч баяр хөөр болж энэ шийдвэрийг хүлээж авсан. Гэтэл одоо залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөдөг кино театрын эргэн тойронд нэг ч зай талбай үлдэхгүй нь бололтой. Тус кино театрын урд талд нь “Гранд Моторол” ХХК-ийн 4-5 давхар үйлчилгээний барилгыг барьж байгаа. Харин зүүн урд талд нь “Усан оргилуур барих гэж байгаа” нэрийдлээр 16 давхар оффис бариад гадна үүдэндээ өнөөх “Усан оргилуураа барих” барилгын зураг төсөл, зураг энэ тэр нь гарчихсан хөрсний ажилдаа орсон байдалтай байна” хэмээн иргэд гомдоллож байна. Одоо зүүн ард талд нь “GD” ХХК таван давхар номын сан барих юм байх. Номын сан барих гэдэг нь зүгээр “Халхавч” л гэсэн хардлагыг иргэдэд төрүүлээд байна.
Улмаар тус хорооны иргэд асуудал дэвшүүлэн “Т.Билэгт даргын 180-р тогтоолыг яагаад нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуй болон Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Очир зөрчив. Яагаад хотын дарга Г.Мөнхбаярын гарын үсэгтэй газар олгох захирамж гардаг билээ. Энэ газар нийтийн эзэмшлийн газар” гэх мэтээр олон асуултын хариултыг дээрх нэр дурьдсан дарга нарын амнаас сонсохыг хүсэж байна.
Чингэлтэй дүүргийн газрын албаны дарга Ч.Очироос энэ талаар лавлахад бухимдалтайгаар “Битгий хотын бүтээн байгуулалтын ажилд саад болоод бай” хэмээн загнасан ч удаа бий гэнэ.
Б.Баатар"Улс төрийн тойм" сонин