“Монгол шуудан банк” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлыг хаанаас зарлаж байгаа нь мэдэгдэхгүй өнгөрсөн баасан гарагт товлосон байжээ. Энэ нь “Монгол шуудан банк” ХХК-ийг хүчээр татан буулгах гэсэн оролдлого байх магадлалтай хэмээж байгаа юм байна. Тиймээс ч уг хурлыг эсэргүүцэн жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл гэгдэх Ц.Балжинням, Н.Батсайхан, А.Минж, Л.Цэцгээ нар энэ сарын эхээр хэвлэлийн бага хурал хийж байсан удаатай. Уг хурлаар “Монгол шуудан банк” ХХК-ийг татан буулгах тухай санал хурааж, “Монгол шуудан банк” ХХК-ийн актив, пассив хөрөнгө, тэдгээрийн шаардах эрхийг “Хадгаламж банк” ХХК-д шилжүүлж, бүтцийн өөрчлөлт хийх тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр тусгасан байсан юм байна. Жижиг хувьцаа эзэмшигчид “Монгол шуудан банк ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал, ТУЗ-ийн дарга асан УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нарыг тухайн үед банкны хөрөнгөөр өөрсдийн хувь эзэмшдэг компаниудын хувьцааг худалдан авч, хөрөнгөө өсгөдөг байсан атлаа жилийн эцсийн тайланд цэвэр ашгаа нуун дарагдуулах хэлбэрээр тэднийг шулж байсан хэмээн үзэж байгаа аж. Мөн УИХ-ын гишүүн Д.Зоригт өөрийн сонгогдсон Өвөрхангай аймагтаа олон тооны машин өвс, тэжээл хүргэж өгснийхөө хариуд 2008 онд Улсын Нөөцийн газрын дарга асан Л.Алтангэрэлд банкнаасаа 9.8 тэрбум төгрөгийн зээл олгосон ч одоо болтол төлөгдөөгүй хэвээр байгаа аж. Энэ үйлдлээс нь болж иргэдэд 300 гаруй сая төгрөгийн хохирол учраад байгаа юм байна. Тиймээс эдгээр хувьцаа эзэмшигчид “Монгол шуудан банк” ХХК-ийг “Хадгаламж банк” ХХК-д нэгтгэхийг эсэргүүцэж байгаа бөгөөд ногдол ашгаа цэврээр авсан тохиолдолд асуудлыг хэлэлцэнэ хэмээж байгаа юм. Тэд одоогоор Захиргааны хэргийн шүүхэд “Хадгаламж” банк” ХХК-ийн хүсэлтээр хүчингүй болгосон “Монгол шуудан банк” ХХК-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлыг шалгуулахаар хандсан байгаа юм байна.
УИХ-ын гишүүн Д.Зоригтоос “өр”-өө нэхэж эхэллээ
“Монгол шуудан банк” ХХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтоос “өр”-өө нэхэж эхэллээ. Тэд “Тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчид буюу “Монгол шуудан банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Оюунжаргал, ТУЗ-ийн дарга асан одоогийн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нар 2009 онд хийсэн хууль бус үйлдлээ одоо хууль журмын дагуу болгохоор оролдож эхэллээ” хэмээн үзэж байгаа аж. Тэд дээрх хүмүүсийг бусад хувьцаа эзэмшигчдэдээ мэдэгдэлгүй өөрсдийн хяналтад байсан багц хувьцаагаа “Хадгаламж банк” ХХК-д 2009 оны есдүгээр сард худалдаж, дараа нь жижиг хувьцаа эзэмшигчдэдээ энэ тухайгаа мэдэгдэн нэг нэгээр нь “намнаж” эхэлсэн хэмээж буй юм. Тухайн үед тэд жижиг хувьцаа эзэмшигчдийг нэг нэгээр нь дуудаж, уулзан “Та ганцаараа үлдсэн тул хувьцаа чинь үнэгүйдэж байна. Тиймээс ширхэг хувьцаа бүрт чинь 2300 төгрөг төлье. Хувьцаагаа худалдаж, амиа бодсон нь дээр” гэх утга бүхий зүйл ярьж 60 гаруй хувьцаа эзэмшигчдийн хувьцааг нь хууль бусаар худалдан авсан аж. Гэтэл энэхүү үйлдлийг нь Монголбанкнаас зөвшөөрөөгүй байсан ч тэд аравдугаар сард нь хэвлэлийн бага хурал зарлаж, “Монгол Шуудан банк” ХХК-ийг “Хадгаламж банк” ХХК-тай нэгтгэсэн тухай мэдээлэл цацсанаар энэ бүх маргааны эхлэлийг тавьсан гэж байгаа юм. Улмаар Улсын дээд шүүхээс дээрх хоёр банкны нэгдэх үйл ажиллагааг хууль зөрчсөн гэж үзээд “Монгол шуудан банк” ХХК-ны хувь нийлүүлэгчдийн 2009-2010 оны хурлын шийдвэр хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан тул хувьцаагаа зарсан гэгдэх 60 гаруй иргэнийг өөрсөдтэйгөө нэгдэж, эрх ашгийнхаа төлөө тэмцэхийг уриалж байгаа аж.
"Улс төрийн тойм" сонин