Гишүүдийн маргаанаас харахад Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуулийн хооронд зөрчилдөөн, цоорхой ч байдаг бололтой.
Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Миний дээр Үндсэн хууль гэдэг дарга байдаг. Түүгээр гишүүдийн саналыг хэлэлцэх боломжгүй тул байнгын хороогоор хэлэлцэхгүй” гэсэн бол бичиг өргөн барьсан гишүүд УИХ-ын гишүүн нэг хүн ч байсан өргөн мэдүүлсэн асуудлыг заавал хэлэлцэх шаардлагатай гэж байлаа. Яваандаа маргаан даамжирч, гишүүн СЭрдэнэ байнгын хорооны дарга Ж.Сүхбаатарыг хогийн, шогийн амьтнаар нь дуудаж, “гал унтраах үүргээ хуулийн дагуу биелүүл” гэсэн бол Ж.Сүхбаатар гишүүн ч “Эрүүгийн хэрэг царайлсан хулгайч, дээрэмчин”-ээр нь цоллов. Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан нарын гишүүд нэг гишүүн санал гаргаад Ерөнхий сайдыг унагах асуудал оруулж ирдэг жишиг цаашид тогтвол Япон шиг сард нэг, хоёр Ерөнхий сайд унагадаг, түүнээс болж Засгийн газар огцордог болно. Ингэж болохгүй. Хуулийн дагуу 19 гишүүн санал гаргасан тохиолдолд л хэлэлцэх нь зүйтэй гэж байлаа. Гэтэл Н.Батбаяр гишүүн “Би бол чамайг бодвол Үндсэн хууль батлалцаж явсан Ардын Их Хурлын депутат хүн” хэмээн нэлээд зүтгэж үзэв.
Ингээд гишүүд хэлэлцсээр асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэдэг дээр дийлэнхийн санал туналаа. Харин Ерөнхий сайдыг огцруулна хэмээн зүтгэж буй дөрвөн гишүүн өнөөдөр хэвлэлийн хурал зарлан, мэдэгдэл хийхээр болж, танхимаас гарав.