Гурван тэнэгийн нэг болох шахсан минь

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Гурван тэнэгийн нэг болох шахсан минь

Хэнтийн аймгийн Засаг дарга асан С.Жаргал

2000 оны сонгууль

1999 онд Монгол оронд улс төрийн уур амьсгал өөрчлөгдөж Ардчилсан намд өгсөн иргэдийн итгэл мохож байгаа нь илт боллоо. УИХ дахь МАХН-ын цөөнхийн бүлэг АН-ын гишүүдээр тоглож өөрсдөөр нь гурван Засгийн газрыг нь унагуулав. 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН ялах нь илт тодорхой болсон байв. Үнэхээр ч сонгуулийн дүн үүнийг харуулав. Гуравхан УИХ-ын гишүүнтэй АН нь УИХ, төр засгийн гадна үлдэв.

Миний бие 2000 онд аав, ээжийнхээ нутагт бие даан нэр дэвшиж, өөрийгөө түмэн олондоо таниулъя гэж бодсон юм. Нөгөө талаас аав минь өөд болохдоо “Нутаг усаа бодож яваарай” гэж захисан юм. Ингээд дэвших бэлтгэл ажлаа базааж явахад тухайн үед Хэнтий аймгийн дарга байсан Ч.Энхээ гэдэг хүн хүрч ирээд “Соц дек намаас дэвшээч” гэж санал тавилаа. Би ч нээрээ бие дааж байснаас нэг намаас нэр дэвших нь зөв юм болов уу гэж бодоод нэр дэвших дэнчин болох гурван сая төгрөгийг тушааж орхисон. Харин Ч.Энхээ маань сонгуулийн нэр дэвшүүлэх хугацаа дуусахад гурав хоног үлдээд байтал харин миний бодсон тойрогт нэрээ дэвшүүлдэг юм даа. Тухайн үед надад улс төрийн ямар ч дадлага туршлага байхгүй байсан тул ёстой алмайрч хоцорсон. Тэгээд ямарч байсан нэр дэвшинэ гэж шийдсэн юм. Тэр үед Ардчилсан намаас Хэнтий аймгийн зүүн тойрогт Д.Ганболд дэвших нь тодорхой болсон байлаа. Тэгэхээр нь Д.Ганболд руу утасдлаа. Нөхөр ч манайд хүрээд ирлээ. Тухайн үед манайд Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, нутгийн хүмүүс байнга орж гарч байдаг байсан.

Уул хүн нь чадвартай, нэртэй улстөрч учраас нэр дэвших бодолтой байгаагаа ч хэллээ. Харин Д.Ганболд манай намд элсэх юм бол надад боломж олгож магадгүй гэлээ. Тухайн үед хуурагдаад байсан би гэдэг хүн дахин яах бол гэж бодоод бие даана гээд явсан юм. Уг нь Д.Ганболд тухайн өдөр надад зүгээр л итгэсэн бол тэр жил АН-аас гурав бус дөрвөн хүн ядаж сууж байх байсан болов уу. Өнөөдөр Хэнтий маань хөгжлөөрөө бүр хол явчихсан байж байхсан гэж одоо боддог. Сонгууль болоод өнгөрсөн, аймгийн дарга Энхээ гурван хувийн ч санал авсангүй. “Эрэл”-ийн намаас дэвшсэн Сэдэддулам 5 хувь, АН-ын Д.Ганболд 16 хувь, миний санал 18.6 хувь гэж тоологдсон болсон. Уул нь иргэд надад 25-30 хувийн санал өгсөн нь ойлгомжтой байсан. Нэг намаас дэвшихэд нөгөө нам нь гүвж, харин бие даагчийг нийлж байж “цохидог” юм байна гэдгийг тэгэхэд өөрийн биеэр мэдэрсэн. Эргээд бодоход Д.Ганболд, “АН+Соц.дек” надад тэр үед нийлээд миний саналд хүрэхгүй байсан юм чинь итгэл үзүүлчихгүй яасан юм бол доо л гэж одоо боддог.

Сонгуулийн дараа бензин клонк дээр Д.Ганболдтой таарсан. Эр хүний хувьд нэг шил архи гаргасан юм. Тэр үед тэр нөхөр надад “Чи яасан тэнэг хүн бэ. Нам ойлгодоггүй” гэж хэлж байсан юм. Одоо бодоход үнэхээр үнэн үг хэлсэн юм билээ. Тэгээд 2000 онд АН үнэмлэхүй ялагдаад, 20.000 хүн намын харьяаллаас болж ажлаасаа халагдсан. АН-аас бүх хүн зугтааж байсан үед Ардчиллын төлөө хэдэн нам нэгдсэн өдөр би АН-д гишүүнээр элссэн юм.


2004 оны сонгууль

2001 оноос намаа бэхжүүлэхээр их ажилласан. Хөрөнгө мөнгө ч зарсан. Ардчиллын бүх хүмүүс лааз өшиглөн, гудамжинд явахыг харсан, цэвэрлэгчээр ажилд орох хүн ч МАХН-ын гишүүн байх ёстойг нүдээрээ үзсэн. МАХН-ын гишүүн бол хүн л алаагүй бол юу ч хийж болдгийг харан, хамгаалалт хүссэн олон бизнесмен МАХН-д элсэхийг хараад гайхаж байлаа. 

Хэнтий аймгийн хувьд УИХ-ын гурван гишүүнтэй болох бүрэн боломж бүрдсэн байв. Баруун тойрогт Д.Ганболд, Б.Бат-Эрдэнэтэй таарлаа. Бүгдээрээ нэг найдвартай суудал энэ байна гэж бодсон, өөрөө ч итгэлтэй байсан. Шударгаар явсан бол Бат-Эрдэнэ ялагдсан гэж боддог юм. 1000 гаруй хүн Аварга тосонд авчирч буулгаад  саналын хуудасны будилааныг шалгасан бол өөр дүн гарах байсан болов уу. Төвийн тойрогт Мэндсайханыг дэвшүүлэхээр тохирсон байсан. Д.Арвин тухайн үед найдвартай ялах нэр дэвшигч байсан юм. Харамсалтай нь Оюунбаатар гэж хүн гэнэт дэвших болоод тэр өдрөөс Д.Арвингийн баг шууд ялалтаа тэмдэглэж эхэлсэн.

Миний хувьд У.Хүрэлсүхтэй таар­сан. 2000 оныг бодвол энэ хүн тэс өөр болсон байсан. Учир нь гэвэл турш­лагатай болчихсон, төрийн бүх байгууллагын боломжийг шууд ашиг­лах боломжтой, МАСЗХолбоо гэх байгууллагын санхүүгийн ча­давхи маш сайн  болсон, мөн юу ч хийхээс буцахгүй хэдэн залуугаар хүрээ­лүүлчихсэн, сонгуулийн шинэ аргуудыг хэрэглэсэн хүчтэй өрсөл­дөгч байсан юм. Наад захын жишээ урлагийн одод, моделиуд дагуулж хөдөө­нийхний нүд хужирлана, 15-20 жип машин дагаж хүчтэйг нь илэрхийлнэ, орон нутгийн төр засаг улаан цайм дэмжинэ, Бэрх тос­гонд У.Хүрэлсүхийн зураг шатаж Мон­голд анх хар пиарын том жишээ болж байв. Гэхдээ би аавынхаа нутагт энэ хүнийг ялсан л юм даа. Нутгийн иргэдийн итгэлийг авсандаа одоо ч  баярлаж явдаг.

Цагдаа, прокурор томилогдоод бай­хад саналын хуудсаа тоолж чадал­гүй алдаад дараа нь Хэнтий аймгийн МАХН-ын архиваас УИХ-ын сонгуулийн хуудсаа олж 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгож нут­гийн иргэд итгэл үзүүлснийг нүдээр үзээд өөрийн эрхгүй нулимс гарч билээ.

Гэхдээ дөрвөн жил миний мууг үзэж, зовоосон хүмүүст би гомддоггүй. Нутгийн иргэд үнэмлэхүй дэмжиж аймгийн Засаг даргаар сонгож нутагтаа их юм бүтээх боломж олгосонд одоо ч баярладаг.

2008 оны сонгууль

Хамтарсан Засгийн газрын үед надад туслах болов уу гэж хүлээсэн ч талаар өнгөрсөн. Сангийн сайд Н.Алтанхуяг л 2006 онд өөрийн багцаас манай аймгийн цэцэрлэгт хүрээлэн, хүндэтгэлийн өргөөнд дэмжлэг үзүүлсэнд талархаж явдаг. Гэхдээ манай баг их юм хийж, улс орноо манлайлж чадсан юм.

Нэр дэвших асуудал будилаантаж асуудал үүсч эхлэхээр нь  бүх сумдаас намын гишүүд, дэмжигч 7000 гаруй хүний гарын үсэг цуглуулж аймгийн болон Ардчилсан намын аппарат руу хүргүүллээ. Гишүүдийн 95 хувь нь дэмжээд байхад манай аймгийн намын хорооны шийдвэр “С.Жаргалыг УИХ-д дэв­шүүлэхгүй” гэж гарсан юм. Манай Хэнтийн АН-ын хороо ийм л учраас сүүлийн сонгуулиудад гурав дараалан ялагдаж байгаа юм. Харин Ц.Элбэгдорж дарга хотод дуудаж ийм юм яаж байх вэ, дахин намын хороо хуралд гэсэн үүрэг өгсөн юм. Хажуугаар нь Д.Ганболдтой  тохир гэж зөвлөв.

Д.Ганболдод миний бие муу юм хийгээгүй л гэж боддог, өөрөө л очиж унадаг шүү дээ. Гэтэл тайлбар нь С.Жаргал болдог. Нөгөө талаас ямар ч байсан намаа ялагдуулаад эргээд албан тушаал авдаг. Өнөөдөр л гэхэд Д.Ганболд хоёр сонгуульд намаа ялагдуулаад хотын утаа хариуцсан дэд дарга хийж байгаа.

Ц.Элбэгдорж даргын саналын дагуу Хэнтий аймгийн АН-ын хороо дахин хуралдаж УИХ-д нэр дэвшүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Санал хураалт явахаас өмнө аль хэзээний шийдвэр гарч манай Ардчилсан намд байж боломгүй ажиллагаа явагдсан. Энэ юу гэвэл санал хураалтын дараа хэн ч бие даан нэр дэвшихгүй шүү гэсэн бичгэнд намайг гарын үсгээ зур гэж хүссэн явдал. Миний бие санал хураалт шударга явсан тохиолдолд дэмжинэ гэж гарын үсгээ зурсан юм.
Надад одоо болтол машины хажууд зогсож буй ҮЗХ-ны нэр бүхий гишүүнд загнуулаад орж ирээд суусан гишүүд, санал хураалтад оролцохоос айсан гишүүд, амьдралын зовлон гачигт баригдсан хэдэн төгрөгт саналаа өөрчилсөн гишүүдийн нүд харагддаг.

Намын хорооны хурал дээр бас л нэг хүнээр ялагдлаа. Яахав дээ, нам ухаарах байлгүй. Бие дагаад явж байя, тэгээд нэр нөхөн дэвшүүлэх хүртэл намаа хүлээсэн. Болсонгүй дээ!

Сонгуулийн дүн гарч бие даагч С.Жаргал дахиад 30 хувийн санал авлаа. Ард түмэн намайг 3-т багтаасан гэдэгт бүрэн итгэлтэй байдаг, сонгуулийн хорооны дүн бас 23 хувь гэдэг. Тэр ч яахав энэ тоо ч бас том итгэл.

Д.Ганболд даргад би гомдохгүй. Нас нь явж байна. Намайг намаас дэвшүүлбэл шууд гарна. Өдгөө надгүй хоёр сул хүнтэй дэвшээд эцсээ үзье л гэж бодсон байх, буруу нь юу байхав.

Гэхдээ надад Д.Ганболд даргаас сурах юм их байна, хэзээ ч, хэнтэй ч тохиролцож чаддаг, намаа тараагаад, ялагдуулаад албан тушаал авч чаддаг авьяастай хүн. Хамт зүтгэсэн Хэнтий аймгийн АН-ын  хороог сул болгож байгаа мөнгөтэй, бяртай, мэдлэгтэй гурав нь ч яахав. Ирээдүй нь бүрхэг ч харин одоо болтол гялалзаж яваа хүмүүс. Намын хороо ч хүнд, сул ядарсан учраас хотоос, холоос ямар ч хүнийг авчирч ҮЗХ оруулдаг, дурынхаа шийдвэрийг Хэнтийхний эсрэг ч гаргуулж чадна.

Ямар сайндаа л Хэнтийн гурван тэнэг гэж дуудуулж байхав. Гэхдээ би гурван тэнэгийн нэг болоогүйдээ бахархаж явдаг юм.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж