“Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн өнгөрсөн сарын 17-нд АНУ-ын Манхетний санхүүгийн дүүрэг дэх Эрх чөлөөний талбайд олон хүн жагссанаар эхэлсэн билээ. Өдгөө энэхүү хөдөлгөөн АНУ-ын 100 орчим хот, дэлхийн 1500 гаруй хотод салбарлачихаад байна. “Уолл Стрийтийг эзлэгчид” ардчиллын үнэт зүйлийг үгүй хийж буй үндэстэн дамнасан корпорациуд, нүсэр бүтэцтэй банкууд, 2008 оны эдийн засгийн хямралыг эхлүүлсэн АНУ-ын санхүүгийн дүүрэг Уолл Стрийтийн эсрэг тэмцэж байгаа хэмээн өөрсдийгөө тодорхойлж буй. Өнгөрсөн хавар Египет, Тунисаас эхлэн Ойрхи Дорнодын орнуудад халдварласан хувьсгал амжилттай өрнөснөөс үлгэрлэн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн амжилтад хүрнэ хэмээн оролцогчид нь найдаж байгаа юм. Албан ёсны сайт болох “occupywallst.org”-д хөдөлгөөнд оролцогчид өөрсдийгөө дараах байдлаар тодорхойлжээ. Тэд нас, хүйс, арьс өнгө, улс төрийн үзэл баримтлалаараа хоорондоо ялгаатай хүмүүс. Гэхдээ “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүсийг авлигад идэгдэж, шуналдаа автсан нэг хувийг дахин тэсч, тэвчиж чадахаа больсон 99 хувийн үзэл баримтлал нэгтгэж байгаа аж. Тэд өөрсдийгөө “99 хувь” хэмээн тодорхойлж байна. Арабын хаврын хувьсгал хэрхэн өрнөсөн тактикийг авч ашиглан зорилгоо биелүүлэхээр шаргуу тэмцэхээ ч амлаж байгаа юм. Баялаг бүтээдэг жирийн хүмүүсийг эрх мэдэлтэй болгож, улстөрчдийг сайн, сайхан нийгмийг бүтээн байгуулахыг хүлээж, тэдэнд найдах хэрэггүй цаг ирснийг “99 хувь” сануулж байна. Тэдэнд “Уолл Стрийт” хэрэггүй аж.
Өдийг хүртэлх хугацаанд “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнд оролцогчид ямар ч албан ёсны шаардлага гаргаагүй, өөрсдийн зорилгоо нарийвчлан тодорхойлоогүй юм. Тэд маш ерөнхий уриалга гаргаж, маш ерөнхий зүйлийн төлөө тэмцэж байна. Магадгүй энэ нь “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн бусад тэмцэл, жагсаалуудаас ялгарах нэгэн онцлог болж байгаа бололтой. Гэхдээ тэд капитализмыг үр үндсээр нь шүүмжилж байгаа боловч түүний оронд эдийн засгийн ямар тогтолцоог гаргаж ирэх нь зүйтэй вэ гэдгийг тайлбарлаж мэдэхгүй байна. Харин “хахир хатуу капитализм”-ыг шүүмжилсэн эсэргүүцэгчдийн эхний зорилго нь хөдөлгөөний цар хүрээг тэлэх явдал байсан ч гэж үзэж болох юм. Албан ёсны сайтад нь “Энэ бол дөнгөж эхлэл” хэмээн бичсэн нь үүнийг нотолж байна. Энэ сарын 2-нд Нью-Йоркийн Бруклины гүүрэн дээр жагсаж байсан 700 хүнийг АНУ-ын хууль сахиулагчид баривчилсан нь дэлхий нийтийн анхаарлыг “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн рүү хандуулж чадсан. Харин энэ сарын 13-нд “Тайм” сэтгүүлээс явуулсан судалгаагаар америкчуудын 54 хувь нь тэднийг дэмжиж, 23 хувь нь үгүйсгэж байжээ. Судалгааны агентлаг “Penn, Schoen & Berland” энэ сарын 10-ны байдлаар тохиолдлоор сонгосон 200 жагсагчийн дунд судалгаа хийж. Тэдний 52 хувь өмнө нь ямар нэгэн байдлаар улс төрийн тэмцэл хийж байсан бол 98 хувь нь эцсийн зорилгодоо хүрэхийн төлөө тэмцэнэ гэдгээ хэлжээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувь нь тогтмол ажил эрхэлдэг байсан ба дийлэнх нь өмнө нь Б.Обамагийн бодлогыг дэмждэг байсан аж.
Энэ оны дундуур Канадад төвтэй “Adbusters” медиа группээс 2008 оны санхүүгийн хямралын ард цэвэрхэн үлдсэн хэрэгтнүүд, баячууд, Уолл Стрийтийн эсрэг тэмцэхийг уриалж эхэлжээ. “Adbusters” сэтгүүлийн ахлах редактор өөрийн нэгэн өгүүлэлдээ “Бидний гаргасан уриа яг л цасан бөмбөлөг шиг хаа сайгүй “өнхөрч”, газар ахих тусам улам томорч байна” хэмээн “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөний тархалтыг тодорхойлсон байна. Харин тус сэтгүүлийн эрхлэгч Кэлле Лэснээс “Яагаад гурван жилийн өмнө “Lehman Brothers” дампуурах үед энэхүү тэмцлээ эхлээгүй юм бэ” хэмээн асуухад тэрбээр “Санхүүгийн хямрал, эдийн засгийн уналтын дараа Б.Обама гарч ирсэн. Тэр үед түүнийг бүгдийг өөрчилж, банкны тогтолцоог шинэчилж, санхүүгийн залилагчидыг хуулийн өмнө хариуцлагад татах нь гэж найдаж байсан юм. Гэвч аажимдаа бидний энэ итгэл, үнэмшил бөхөж эхэлсэн” гэж хариулжээ. Эрх баригч цөөнхийн эсрэг тэмцэж байгаа “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөний Нью-Йорк дахь салбарыг “Нью-Йоркийн ассамблей” хэмээн нэгэн байгууллагаас удирдаж байгаа бололтой. Жагсаалд оролцогчдын төлөөлөл өдөр бүр “Нью-Йоркийн ассамблей”-н байранд цуглаж, ярилцдаг тухай хэвлэлүүд тэмдэглэжээ. Сүүлийн үед энэхүү хөдөлгөөнд чинээлэг иргэд нэгдэх болсон билээ. Тэд “Надаас илүү их татвар аваач” гэх бичиг бүхий цаас барьцгаажээ. Тиймээс “Нью-Йорк таймс” сонин “Ажил хайх, оюутны зээлээ төлөх зэрэг маш олон асуудалтай тулгардаг хүмүүс энэ бүхнээсээ гарах гарцыг эрэлхийлж байна” гэсэн нь өрөөсгөл дүгнэлт бололтой. “Таймс” сонин “Энэ бол шударга хуулийн төлөөх тэмцэл” гэж тодорхойлжээ. Тиймээс “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнөөс өдийг хүртэл албан ёсны ямар ч шаардлага гаргаагүй нь нэг талаараа цоо шинэ нийгмийг бүтээж бий болгох гэсэн эрмэлзлэлтэй нь ч холбоотой байж магадгүй юм. Гэхдээ яаж. Хамгийн ойлгомжгүй, тодорхойгүй асуулт энд дахиад л гарч ирж байна.
“Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн дэлхий нийтийн анхаарлыг татсаны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “1930-аад оны Их хямралаас хойшхи эдийн засгийн хамгийн том уналт иргэн бүрийн амьдралд маш хүнд туссан. Тийм учраас хүмүүс бухимдаж байгаагийн илрэл нь энэхүү хөдөлгөөн гэж би ойлгож байна. Энэ удаагийн тэмцэлд улс төрийн үзэл баримтлал хамааралгүй байгаа нь ард түмэн төр засгаасаа улам бүр холдож байгаагийн илрэл боллоо” гэжээ. Гэхдээ тэрбээр “Lehman Brothers”-ийн уналт маш их хэмжээний моргейжийн зээлээс үүдэлтэй” гэдгийг сануулсан юм. Харин АНУ-ын 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших гэж байгаа Херман Кэйн “анти-капиталист”-уудыг шүүмжилж, “Чи ажилгүй, бас баян биш байгаагийнхаа төлөө Уолл Стрийт, том банкуудыг битгий буруутга. Зөвхөн өөрийгөө л буруутга” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Нью-Йоркид эхэлсэн энэхүү хөдөлгөөн Б.Обамагийн засаг захиргааны бодлогыг “Хэрэггүй зүйл байсан” гэдгийг нотлохыг хүссэн тодорхой тооны хүмүүсийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж тодорхойлоод үүнийг нотлох баримт байгаагаа хэлсэн байна. Харин дэлхийн олон оронд тархсаныг нь тохиолдлын хэрэг гэж үзжээ.
Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефф “Бид тэмцэгчдийн хэлж буй үгсийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн бол Канадын Ерөнхий сайд Стифен Харпер “Канадчууд америкчууд шиг уурлахгүй байгаа” гэжээ. Харин Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөн АНУ-ын эдийн засаг, улс төрийн тогтолцоонд зарчмын шинжтэй асуудал байгааг харуулж байна” хэмээн Б.Обамагийн засаг захиргааг шүүмжлэх аястай зүйл мэдээлсэн байна. Евро бүсийн өрийн хямралыг хөөрөгдөж байгаа Грекийн Ерөнхий сайд Жорж Папандреоу болон Польшийн Ерөнхийлөгч асан Лек Валеса нар жагсагчдыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэтхэгийн Ерөнхий сайд М.Сингх “АНУ-д ажилгүйдэл өсч, Европын эдийн засаг хямарч байгаа нь тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг харуулж байна. Тэмцэгчид үүнийг мэдэж байгаа” гэжээ. Харин Ираны албаны төлөөлөгчид “Авлигад идэгдсэн нүсэр аппаратын эсрэг жирийн америкчууд тэмцэж байна” хэмээн АНУ-ын эрх баригчдыг шүүмжилсэн юм. Хойд Солонгосын “Солонгосын төвийн мэдээллийн агентлаг” “Мөлжлөг, капиталын дарамт, нийгмийн бүхий л салбарыг хамарсан тогтворгүй байдлын эсрэг тэмцэл эхэллээ” гэжээ. Оросын Ерөнхий сайд асан М.Горбачев супер гүрний уналт, эдийн засгийн либеральчлалтай адилтгасан байна. Харин Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавез энэ бүхнийг зүгээр л “Аймшиг” хэмээн тодорхойлжээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөний салбарыг байгуулж байгаагаа зарласан. Тэрбээр банкуудын зээлийн хүү хэтэрхий өндөр байгаа нь иргэдийн бизнес эрхлэх боломжийг үгүй хийж байгаа гэж үзсэн юм. Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, ирэх сард багтаан Сангийн яам, Монголбанк, ажил олгогчидтой хамт хэлэлцээрийн ширээний ард сууж тохиролцохыг санал болгов. Монголын нийт бизнес эрхлэгчдийн 80 гаруй хувь, иргэдийн дийлэнх нь зээлээс хамааралтай болсон өнөө үед Сингапурын жишээнээс суралцан банкны хүүг нэг оронтой тоонд хүргэх боломж бий гэдгийг тэрбээр нотолсон юм. Капитализм руу “ухарсан” монголчуудад эдийн засгийн тогтолцоо нь бас ч үгүй боломж үлдээсэн гэдгийг эндээс харж болохоор байна. Хэрэв ямар нэгэн тохиролцоонд хүрч болохоор юм бол капитализмыг заавал үгүйсгээд байх албагүй ч юм шиг. Аль эсвэл “Уолл Стрийтийг эзэл” хөдөлгөөнөөс арай өөр санааг С.Ганбаатар гаргаж байгаа бололтой. Ямартай ч тэрбээр “Хэрэв эрх баригчид үгэнд нь орохгүй бол орон даяар ажил хаялт зарлана” хэмээн мэдэгдэв. Харин тохиролцож чадвал заавал “Уолл Стрийтийг эзлэх” шаардлагагүй гэсэн үг юм.
"Улс төрийн тойм" сонин