Гэвч хил давж, мөнгө босгох гэж зовохын зэрэгцээ, тухайн зээлийн гол баталгаа болсон Олон-Овоотын лицензийг тойрсон элдэв мэдээлэл хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэж буй. Тиймээс нөхцөл байдал ямар байгааг газар дээрээс нь сурвалжилсан юм.
Эхлээд ил уурхайг очиж үзлээ. Компанийн өөрийн ажилчид, гэрээт компанийнхан гээд нийт 200 гаруй хүн ажилладаг юмсанж. “Олон- Овоот гоулд” ХХК-ийн инженер Ө.Наранбаатартай уулзахад “Манай уурхай 2009 оны зургаадугаар сард “Жаст” группийн мэдэлд шилжсэнээс хойш нийт 30.2 сая тонн уулын цул хөдөлгөж хөрс хуулалт хийсэн. “Монгол газар” ХХК-ийнхан ашиглалтаа буруу явуулсан, боломжит хүдрээ авчихсан. Анх 2005 онд уг ордын нөөцийг 18.5 тонн гэж үзээд Эрдэс баялгийн зөвлөлөөр баталсан. Үүнээс “Монгол газар” ХХК-ийн жил бүрийн тайлангаас харахад тус компани нийт 4.1 тонн алт авсан гэсэн тооцоо байдаг. Хайгуулын ажилтай нь харьцуулахаар 5.8 тонн байхаар зөрүүтэй тооцоо гараад байдаг юм. Ямартай ч бид ашиглалтын тооцоогоор 8.4 тонн алт гарна гэж үзэж сард 2-3 сая ам.долларын зардал гаргаж байна. Одоо бидэнд наанадаж 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Ийм хэмжээний хөрөнгө олдвол бид зургаан сар тасралтгүй ажиллаад үйлдвэрээ хэвийн ажиллагаатай болгож, 2013 оны нэгдүгээр сард ил уурхайгаа ашиглалтад оруулах боломжтой болно” гэж ярилаа.
Энэ үеэр уурхайн зарим ажилчинтай уулзаж ярилцахад ерөөсөө л “Санхүүгийн бэрхшээлээс болоод ажил зогсож байгаад харамсаж байна. Бидэнд ажиллах хүч, сэтгэл байна. Хамгийн гол нь бие хайргүй зүтгэн ажиллаж, амь зууж буй компанийн маань талаар янз бүрийн хэл ам гараад байгаад санаа зовниж байна. Манай ажилчдын зарим нь Оюутолгой, Тавантолгой зэрэг өөр уурхайд ажиллахаар шийдсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай уурхай ямар ч ашиггүй ажиллаж байсан мөртлөө компанийн зүгээс цалинг маань бүтэн өгч байсан. Тиймээс ч бид уурхай хэвийн ажиллана гэдэгт итгээд үлдсэн. “Жаст” компанийн удирдлагууд яаж ийгээд хөрөнгө босгоод үйлдвэрээ хэвийн ажиллуулна гэдэгт найдаж байна” гэцгээж байв.
Түүнчлэн сүүлийн хоёр жилд зөвхөн хөрс хуулалтын ажил хийж байгаа. Эндээс ердөө 570 кг алт авсан. Өнгөрсөн хугацаанд үйлдвэр хоёр удаа зогссон. Харин өнгөрсөн зургаадугаар сард шатахууны хомсдлоос болж түр зогссоноос хойш ажил хэвийн үргэлжилж байгаа. Уурхай “Жаст”-ын мэдэлд очсоноос хойш ажилчдын сэтгэл санаа овоо тогтвортой болсон хэмээн “Олон-Овоот Гоулд” ХХК-ийн удирдлагууд ярьж байлаа.
Дараа нь бид Хүдэр баяжуулах үйлдвэрт очлоо. Одоогоос таван жилийн өмнө шижир алтыг гулуузаар нь өрж, түм түжигнэж, бум бужигнаж байсан тэр үйлдвэр мөн гэдэгт итгэмээргүй. Эл хуль, хонхойж ёнхойсон том төмрүүдээс өөр үзэх юм алга. Хэдхэн хүн төмөр балбаж, хөндий үйлдвэрт цуурай хадна. Элэгдсэнийг нь засч, зарим тоног төхөөрөмжийг сольж байгаа нь тэр гэнэ. Уг нь хоногт 1800 тонн хүдэр буталж боловсруулах хүчин чадалтай, 99 ажилтантай Монголдоо анхных гэх үндэсний баяжуулах үйлдвэр одоо ажил байхгүй учраас сул зогсож байна. Нийт зардлынхаа 50 хувийг цахилгаан эрчим хүчинд зарцуулдаг аж. Анх “Монгол газар” ХХК-аас гурван дизель станц хүлээж авсан. Одоо 12 дизель станцтай болсон гэнэ. “Ил уурхай ирэх онд багтаагаад нэг сая 500 мянган тонн хүдэр олборлоно. Үүнийг бид 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл боловсруулахаар ажиллаж байна. Эхний ээлжинд ирэх арваннэгдүгээр сарын 1-ээс үйлдвэрээ ажилд оруулахаар зорьж, тоног төхөөрөмжөө шинэчилж байна” хэмээн Хүдэр баяжуулах үйлдвэрийн дарга Б.Нямдаваа ярьж байв. Эндээс л мөнөөх 8.4 тонн алт нь гарч ирэх аж.
Баяжуулах үйлдвэрээс гараад их сонин зүйл үзэв. Бараг хэмхэрсэн техникийн музей гээд хэлчихэд хатуудахгүй болов уу. Уг нь уул уурхайн зориулалттай хүнд механизм гэдэг ангилалд багтах дэлхийн брэнд “Комацү” тэргүүтэн байсан ч анх авахдаа л олон жил ашигласан “хөгшин” техникүүдийг худалдаж авсан байсан нь одоо эдлэхэд байтугай сэлбэгт хэрэглэх ч юм үлдээгүй байна. Уг тоног төхөөрөмжийг “Монгол газар” ХХК-ийнхан 2000 онд оруулж ирсэн боловч Архангай, Баянхонгор аймаг дахь ордууддаа ашиглаж байгаад 2006 онд “Олон-Овоот”-д иржээ. Одоо тэр хашаанд “Комацү”-ийн бульдозер, самосовал, хятадуудын “Галт могой” хэмээн нэрлэдэг хүнд даацын ачааны машинуудын сэг дүүрэн байна. Нэг самосовалыг засуулахад ойролцоогоор 850 гаруй ам.доллар шаардагдах учраас тэднийг засуулсны оронд ашиглалтын ачаалал даах шинэ техникүүдийг түрээсэлсэн нь бараг дээр гэцгээх аж. Уурхайн хэвийн ажиллаад эхэлбэл “Комацү” самосовал л гэхэд дор хаяж 30 байх хэрэгтэй. Гэтэл энд долоохон байна. Ачааны машин 100-аас дээш тооных байхгүй бол ажил явахгүй гэнэ. Түүнээс одоогоор 6-7 ширхэг л байх аж. Ер нь тоног төхөөрөмжийн хангамжид 20-30 тэрбум төгрөг шаардлагатай гэцгээж байв.
Эцэст нь техникийн болон байгалийн нөхөн сэргээлт хийж буй талбайгаар явж сонирхлоо. “Жаст” групп уг ордыг мэдэлдээ авсны дараахан дөрвөн га газарт 246 сая төгрөгөөр геомембран гэдэг химийн бодисыг хөрсөнд нэвтрүүлдэггүй тусгай зориулалтын плёнка авч өгсөн юм байна. Үүнийг хүдрийн хаягдлынхаа дор дэвссэнээр хөрс эрүүл үлддэг аж. Ёстой л “Цементэн дээр цэцэг ургана” гэгчээр цианиттай талбайд монгол сакура буюу бүйлс, заг, шар хацар, соргүй согоовор, шар царгас тарьсан байна гэвэл та итгэх үү. “Цианит нь шингэний агууламж өндөртэй учраас харин ч ургалтад сайнаар нөлөөлж байна. Өнгөрсөн 1-2 жилийн дотор тарьсан суулгацууд 80-аас дээш хувийн ургалттай байгаа” хэмээн тус компанийн Байгаль орчны мэргэжилтэн Л.Бат-Отгон ярьсан юм. Тэрбээр нийт 17000 мод бут тарьснаас 12 мянгыг нь өөрийнх нь үрээр суулгаснаа тайлбарлан үзүүлээд “Ирэх жил ирэхэд чинь энд усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй болсон байна” хэмээн амласан юм.
Эцэст нь хэлэхэд энд ажил хийж амьдрах хүсэлтэй хүмүүс л “Уурхай хөл дээрээ баттай зогсоосой” хэмээн “Жаст” группт итгэн хүлээж суугаа нь хэнд ч ойлгомжтой. “Олон- Овоот Гоулд” ХХК-д гаднын ганц ч ажилчин байхгүй. Зөвхөн монголчууд. Хайгуул, олборлолт, баяжуулалт, гаднын технологиос суралцсан монгол ажилтнууд, төрийн томчуудын яриад байгаа үндэсний боловсон хүчин байгаа нь сэтгэлд өег сайхан санагдлаа. Болдогсон бол төр дэмжээд, 35 сая ам.доллар өгдөггүй юмаа гэхэд гадны эх үүсвэрээс хөрөнгөө босгоход нь баталгаажуулах талаас нь оролцож болдоггүй л юм байх даа гэсэн сэтгэгдэл төрж байсан юм. Гэвч төрөөс хувийн компанийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох эрх зүйн орчин, зүй тогтол нь өөр байх л даа. Харин лицензийн будилаан, санхүүгийн тооцоо, хууль эрх зүйн асуудлуудтай холбоотой сурвалжлагаа дараагийн дугаарт үргэлжлүүлэн хүргэх болно.
"Улс төрийн тойм" сонин