-Монгол Улсын 2011 оны төсөвт тодотгол хийж, төсвийн зарлагыг нэмэх талаар хэлэлцэж байгаа. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан цөөн гишүүнээс бусад нь “2011 оны төсөвт тодотгол хийх нь зүйтэй. Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн хариултыг өгч байгаа. Харин та төсвийн тодотголын төслийг эдийн засагт ямар нөлөөлөл авчирна гэж үзэж байна вэ?
-Төсөвт тодотгол хийх замаар 2011 оны нэгдсэн төсвийг асар их хэмжээгээр өсгөх гэж буй нь эдийн засагт хор хохиролтой. Ингэснээр төсвийн нийт зарлага хоёрхон сарын дотор Монгол Улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий найман хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдэх болно. Асар богино хугацаанд, онцгой гэж хэлж болохуйц ийм их хэмжээгээр зарлагаа нэмэгдүүлсэн түүх урьд өмнө бараг гарч байгаагүй.
Хариуцлагагүйгаас гадна аюултай үйлдэл учраас зайлсхийж ирсэн гэж хэлж болно. Инфляци хэдийнэ өндөр түвшинд хүрсэн байна шүү дээ. Ийм байхад төсөвт тодотгол хийх нь нөхцөл байдлыг улам дордуулна. Улмаар үнийн өсөлтийн цохилтод ихээр өртдөг ядуу, эмзэг бүлгийнхэнд хамгийн хүнд тусах болно. Түүнчлэн дэлхийн эдийн засагт учирч болзошгүй байгаа эрсдэл, түүний Монгол Улсад үзүүлэх үр нөлөөг тооцож үзвэл цаг хугацааны хувьд ч буруу байна. Зэсийн үнийн ханш дэлхийн зах зээл дээр сүүлийн цөөн хэдэн сарын хугацаанд огцом унаад байна шүү дээ.
-“Төсөвт тодотгол хийснээр Монголбанк бодлогын хүүгээ чангаруулахаас өөр аргагүй болно” гэлцэж байгаа. Таны хэлсэнчлэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээс гадна арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөх зэрэг сөрөг нөлөөлөл олон гарах болов уу?
-Тийм. Тодотгол хийвэл төв банкинд мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр сонголт үлдэхгүй. Инфляци, макро эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүдийг харахад төв банк мөнгөний бодлогоо ямар ч тохиолдолд чангаруулах ёстой. Монгол Улсын 2011 оны төсвийн тодотголын төслөөс үзвэл үзвэл мөнгөний бодлогыг шаардлагатай хэмжээнээс илүү хатууруулах шаардлага тулгарах нь. Энэ нь зээлийн хүүг нэмэгдүүлнэ. Цаашлаад хувийн хэвшилд очих зээлийн эх үүсвэрийг багасгах болно. Бодлогын ийм хослол төдийлөн оновчтой биш. Засгийн газар зарлагаа нэмэгдүүлснээр хувийн хэвшлийн санхүүжилтийг бууруулж байна гэсэн үг. Мөнгөний бодлого ийм л үр дүнд хүргэдэг.
-Үүнд ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Үнэ хурдацтай өсч байгаа нь эдийн засаг хэт халж байгаагийн шинж тэмдэг. Хурдыг нь сааруулахын тулд эдийн засаг дахь нийт эрэлтийг бууруулах ёстой юм. Мөнгөний бодлогыг чангаруулснаар аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зээлийн эх үүсвэр багасна гэсэн үг. Энэ нь хувийн хэвшлийн нийт эрэлтийг сааруулдаг. Иймд бодлогын хослолыг илүү оновчтой болгоё гэвэл Засгийн газар зарлагаа багасгаж, үүний хэрээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх ёстой. “Төсвийн зарлага нэмэгдвэл төв банкинд мөнгөний бодлогоо чангаруулахаас өөр сонголт үлдэхгүй” гэж түрүүн хэлсэн. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол “хадуурсан инфляци” гэсэн хамгийн муу үр дагаварт л хүргэх юм.
-Та Монголын эдийн засгийг хэрхэн дүгнэж байгаа вэ. “Эдийн засаг хурдацтай өсч, уул уурхайн орлого нэмэгдэж байгаа” гэсэн мэдээллийг өгч байгаа боловч “Энэ нь “хөөсөн” өсөлт гэх хүн ч бий?
– Монголын эдийн засаг хэт халж байна. Үүний илрэл нь өндөр бөгөөд өсч байгаа инфляци юм. Гэхдээ уул уурхайн салбарын өндөр өсөлт нь дангаараа хэт халалтад хүргэнэ гэж ойлгож болохгүй. Хэрвээ төсвийн бодлого нь мөчлөг сөрсөн байвал хэт халалтаас сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл эдийн засаг хурдацтай өсч байх үед төсвийн зарлагаа багасгаж, эдийн засгийн өсөлт саарах үед нэмэгдүүлж байсан бол хэт халалтаас зайлсхийх боломжтой байсан. Ашигт малтмалын нөөц баялгийг төсвийн ухаалаг менежментээр зарцуулах нь баялгийн хараалаас зайлсхийх гол арга зам. Мөн энэ нь “Голланд өвчин” болон одоо хамгийн гол асуудал болоод байгаа эдийн засгийн хэт халалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.
-Эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч иргэдийн амьжиргааны түвшин муу хэвээр байгаа нь ямар учиртай вэ?
-Монгол Улсын эдийн засаг 2008-2009 онд хүнд бөгөөд зүдгүүртэй хямралыг даван туулсан. Тиймээс цаашид хямралд хүргэсэн алдаа дутагдлыг давтахгүй байх хэрэгтэй. Мөн эдийн засгийн өсөлт бүх нийтийг хамарсан байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал юм. Нэг арга зам нь нийгмийн халамжийн зорилтот хөтөлбөр буюу ядуурлыг тэтгэмжтэй болгох явдал мөн. Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн төсөлд ийм арга хэмжээ авахаар тусгасан байсан. Үүнийг сайшааж байгаа. Амжилттай хэрэгжинэ гэж бодож байна. Харин нэг харамсалтай зүйл нь Засгийн газраас танилцуулсан төсвийн зарлагын төсөл 2008-2009 оны хямралд хүргэсэн тэлэлт, агшилтын бодлого руу эргэн орж байгааг тодорхой харууллаа. 2011 оны төсвийн тодотголын төсөл, 2012 оны төсвийн төсөл нь сүүлийн жилүүдэд хөлсөө дуслуулан байж олж авсан үр өгөөжийг талаар болгох гэж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн төлөв байдалд тулгараад байгаа эрсдэлийг тооцвол үнэхээр буруу цаг үед зарлагыг нэмэгдүүлэх гэж байна.
-Зарлагыг нэмэгдүүлэх гэж байгаа нь нэг талаар сонгуулийн амлалттай холбоотой. Тиймээс та “Монголын эдийн засаг улстөрчдийн амлалтын золиос болж байгаа” гэдэгтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийн суурь асуултанд төвлөрч ярья. “Төсвийн зарлага хэт хурдан өсч байна уу” гэвэл, тийм. Төсвийн зарлагыг эдийн засгийн өсөлт эрүүл, инфляци нам бөгөөд аядуу байх үед нэмэгдүүлбэл сайнаар нөлөөлнө. Мөн улсын өрийн өөрчлөлтийг тогтвортой байлгах ёстой. Эдгээр хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, төсвийн зарлагын хязгаарыг тогтоож болно. Харин энэ удаад тэгээгүй. Тиймээс бид 2011 болон 2012 оны төсвийн зарлагын тухайд нийт зарлага нь төсвийн зарлагын тэрхүү хязгаараас хэтэрсэн байна гэсэн шүүмжлэлийг дэвшүүлж байгаа юм. Улстөрчдөд тулгардаг хамгийн том сорилтын нэг бол төсвийн нийт хязгаарын хүрээнд зарлагын тэргүүлэх чиглэлийг тогтоох явдал. Нэг ёсондоо авто зам барих уу, ядууст тэтгэмж олгох уу. Эсвэл дунд, өндөр орлоготой иргэдэд бэлэн мөнгө тараах уу гэдгээс сонголт хийх хэрэгтэй болдог. Эдийн засгийн үндэслэл талаас нь авч үзвэл төсвийн хязгаарлагдмал эх үүсвэрийг дэд бүтцийг сайжруулах, хавтгайрсан халамж тараахын оронд зөвхөн хэрэгцээтэй бүлэгт дэмжлэг олгох нь хамгийн сайн үр дүн авчирна.
-Та 2012 оны улсын нэгдсэн төсвийн талаар яриандаа цухас дурьдсан. “Сайшаалтай зүйл байгаа” гэж байсан. Харин алдаа, дутагдал хэр байна вэ?
-Ирэх оны төсвийн төсөлд цөөн хэдэн дутагдал бий. Нэгдүгээрт, төсвийн зарлагыг хэт өндөр байхаар тооцоолсон байна. Энэ хамгийн чухал нь. Эдийн засаг хэт халж, инфляци өндөр түвшинд хүрсэн энэ үед төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нь нөхцөл байдлыг улам дордуулна. Инфляцийн дарамтыг их хэмжээгээр нэмэгдүүлж, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх болно. Мөн Монгол Улсын эдийн засгийн дэлхийн эдийн засгийн уналтад нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймд нэгдсэн төсвийн нэрлэсэн зарлагыг УИХ-аас баталсан Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан дүнд барих ёстой. Хоёрдугаарт, макро эдийн засгийн үзүүлэлтүүд дээр хийсэн төсөөлөл нь хэт өөдрөг байна гэж үзэж байна. Тодруулбал, оны үнээр тооцсон ДНБ-ий өсөлт хэт өндөр байна. Энэ нь нэгдсэн төсвийн орлогын төсөөлөл өндөр болж, зарлагыг өсгөх боломж байгаа мэтээр харагдуулж байгаа юм. Төсвийн үзүүлэлтүүдийг оны үнээр тооцсон ДНБ-тэй харьцуулж танилцуулдаг. Харин ДНБ-ийг өндөр төсөөлсөн нь бусад үзүүлэлтүүд өөрчлөлтгүй байхад төсвийн зарлага, алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг багаар харуулж байна.
-Оны үнээр тооцсон ДНБ-ий өсөлт яагаад өндөр байна гэж?
-Төсөлд ДНБ-ий бодит өсөлтийг 25.6 хувь байхаар тооцжээ. Уул уурхайн салбарын өсөлт Оюутолгой, Тавантолгойн бүтээн байгуулалтаас хамаарч хурдацтай өсөх боломжтой. Харин эрдсийн бус салбарын өсөлт маш өндөр гарч байгаа нь үнэхээр боломжгүй зүйл юм. Мөн үнийн талаар хийсэн төсөөллүүд нь хоорондоо зөрчилдөж байна. Нэг талаас ДНБ-ий үнийн дефлятор /үнэгүйдэл/ буюу инфляцийн өөр нэг хэмжигдэхүүнийг 20 орчим хувиар өсөхөөр тооцсон байна. Тэгсэн мөртлөө хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляци 10 хувиас доогуур байна гэж тооцжээ. Үнэн хэрэгтээ ДНБ-ий үнийн дефлятор 2012 онд хэрэглээний үнийн индексээр тооцсон инфляциас доогуур байна гэж тооцвол илүү үндэслэлтэй. Ер нь бол эрдсийн бүтээгдэхүүний үнийн төлвөөр ДНБ-ий өсөлтийг тодорхойлно.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр олгох, цалинг 53 хувиар нэмэх талаар ирэх оны төсвийн төсөлд тусгасан нь хэр зөв бэ?
-Цалинг 53 хувиар нэмнэ гэдэг нь их байна. Энэ нь эдийн засагт хор хохирол авчирна. Хувийн хэвшлийн цалин үүнийг дагаад өсөх нь дамжиггүй. Ингэснээр Монгол Улсад аж ахуй эрхлэх зардал үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ. Бас инфляци хөөрөгдөж Монгол Улсын өрсөлдөх чадвар муудна гэсэн үг. Харин халамжийн тал дээр бол төсвийн зарлагын тэргүүлэх чиглэл биш гэж дээр хэлсэн.
-Түүнчлэн Засгийн газар иргэдээ “Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөгийг ашигт малтмалын ордын хувьцаа хэлбэрээр олгох тухай ярилцаж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдэл юм бол?
-Мөн л тэргүүлэх чиглэл биш. Эрдэс баялгийн нөөц ихтэй олон орон эдийн засгийн өсөлтийн сайн үр дүнд хүрч чадаагүй. Тэдгээр улсуудыг баялгийн хараалд өртсөн гэдэг шүү дээ. Монгол Улсын хамгийн чухал сорилт бол ийм хувь заяанаас зайлсхийх явдал юм. Уул уурхайн арвин их нөөц баялгаа иргэдэд болон улс оронд хөгжил авчирсан зүйлд зарцуулах хэрэгтэй. Улмаар өндөр, тогтвортой эдийн засгийн өсөлтөд хүрэх явдал. Харин өртөг, зарлагыг нэмэгдүүлэх нь амжилтанд хүрэх баталгаа болохгүй. Мөн бүтэлгүйтэл дагуулдгийг өнгөрсөн хямрал харуулсан. Амжилтанд хүрэхийн гол үндэс нь макро эдийн засгийн сахилга бат. Харин үүний тулд эхлээд төсвийн зарлагыг хязгаарлаж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тууштай дагаж мөрдөх ёстой.
-УИХ-ын нэр бүхий 20 гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах, Монголын талын эзэмших хувийг нэмэх тухай шаардлагыг Засгийн газарт хүргүүлээд байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэ асуултад олон улсын санхүүгийн байгууллагууд илүү оновчтой тайлбар хийх байх гэж бодож байна.
"Улс төрийн тойм" сонин