Театрын тайзнаа дүүлэн нисэх О.Ганцоож

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Театрын тайзнаа дүүлэн нисэх О.Ганцоож

О.Ганцоож… Тэр бол Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин. Театрын тайзнаа тоглож буй П.И.Чайковскийн “Хунт нуур”-ын ханхүү Зигфрид, “Нойрссон гүнж”-ийн ханхүү, “Щелкунчик”-ийн цөмөөхэй, “Жизель”-ийн Алберт гээд тэр бүх бүжгэн жүжгийн гол дүрд тоглодог. Энэ цаг үеийн театрын нүүр царай ч гэж болно.

Тэрбээр өнгөрөгч ням гаригийн үдэш дасал болсон тайзнаа А.Минкусын “Дон Кихот” бүжгэн жүжгийн ядуу үсчин Базильд тоглов. Тэр энэ үдэш үзэгчдийг бүрэн эзэмдэж, тайзыг эзэгнэх шиг болсон. УДБЭТ зуны завсарлагаа авсан хоёр сарын хугацаанд О.Ганцоож дасгал сургуулилалтаа тасралтгүй хийсэн бололтой. Түүний ур чадвар, мэдэгдэхүйц сайжирсан байсан. Үзэгчид түүнийг анзааралгүй өнгөрсөнгүй.

“Дон Кихот” бол эрэгтэй балетчдыг жинхэнэ бүжигчин гэдэг утгаар нь харуулсан хамгийн анхны бүжгэн жүжиг. Тэр ч утгаараа “Дон Кихот”-ыг эрэгтэй бүжигчний ур чадварын шалгуур гэж үздэг аж. XIX зууны алдарт балетмейстер М.Петипа М. Сервантесын алдарт “Дон Кихот” зохиолоос сэдэвлэсэн утга, өгүүлэмж чамбай “Дон Кихот” балетыг тавих нэлээд сайн төсөл боловсруулан, тухайн үедээ Санктпетербургт шилдэгт тооцогдож байсан Австри гаралтай хөгжмийн зохиолч Л.Минкусээр хөгжим бичүүлсэн нь амжилттай болж, өдгөө бүжгэн жүжгийн хаан гэгдэх болжээ. М.Петипагийн уран бүтээлийн үйл явцыг гурван хэсэгт хуваан үздэг. Тэрбээр нэгдүгээр үедээ энэхүү алдарт “Дон Кихот” бүжгэн жүжгийг дэглэн найруулж байжээ. “Дон Кихот”-ыг анх 1869 онд Оросын Москва хотын “Их театр”-т анх удаа тайзнаа амилуулж байсан. Харин манай улсад 1971 оны гуравдугаар сарын 1-нд анх удаа тайзнаа тоглож байв. Бухтай тулалдагчийн сүр хүч, эрэмгий зоригийг илэрхийлэх нь цаанаа л нэг сүрлэг. Өндөр, өндөр үсрэлт, сүр хүчит алхаа гишгээ гээд үгээр хэлэхийн аргагүй жавхлантай “Дон Кихот” бүжгэн жүжгээр О.Ганцоож жинхэнэ мэргэжлийн бүжигчин гэдгээ дахин нэг харуулсан. Тэр багагүй жин хасч, өөрийн ур чадвар, техникийг сайжруулжээ. Зарим үзэгчид түүний талаар “О.Ганцоож олон улсын балетын фестивальд оролцож, өөрийгөө ямар төвшинд байгаагаа дүгнэсэн биз. Тэгээд л илүү хичээж, ур чадвараа ахиулсан байх. Жингээ хасч, үсрэлт нь илүү өндөр, хүчтэй болж. Дээр нь хөл нь чангарсан байна” гээд л түүний талаар ам булаалдан ярилцах нь сонсогдсон.

Үнэхээр ч О.Ганцоож ниссэн. Нисэхдээ бүр тэнгэрт дүүлэн ниссэн. Түүний үсрэлт, бүжиг яг л далайн давалгаа шиг эрэмгий байсан байсан гэдгийг хэлье. Харин түүний дурлалт бүсгүй Китригийн дүрд Б.Батчимэг гоцолсон. Тэр бол маш ихэмсэг, үзэсгэлэнт бүсгүй. Энэ дүрд Б.Батчимэг чадварлаг хувирсан. П.И.Чайковскийн “Хунт нуур”  балетаас гадна “Дон Кихот” 32 эргэлттэй байдаг. Б.Батчимэг алдарт 32 эргэлтийг гайхалтай хийсэн. Балет дуусахад үзэгчид сэтгэл хөдлөлөө харамгүй алга ташилтаар харуулж байсан. Энэ үдэш О.Ганцоожийн үдэш байсан. Тэр үнэхээр энэ цаг үеийн театрын шилдэг солист юм.

О.Ганцоож ирэх ням гаригт А.Аданы “Жизель” бүжгэн жүжгийн Албертын дүрд тоглохоор хэдийнэ бэлтгэлдээ оржээ. Тиймээс ирэх ням гаригт театраар зочилж, О.Ганцоожийн “дүүлэн нисэх”-ийг хараарай.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж