Мексик довтлогч Хавьер Эрнандез “Манчестер Юнайтед” багийн удирдлагатай хэлэлцэж, шинээр таван жилийн хугацаатай гэрээ байгуулснаар ойрын ирээдүйгээ Английн Премьер лигийн аваргуудтай холболоо. “Чичарито” гэгдэх Эрнандез өнгөрсөн жилийн долдугаар сард Мексикийн “Чивас Гвадалахара” багаас “Олд Траффорд”-д ирсэн цагаас эхлэн гялалзаж, Алекс Фергусоны багийн бүрэлдэхүүнд 55 тоглолтод оролцохдоо 23 удаа гоолдоод байна.
Өмнөх өдөр нь нэг хотын өрсөлдөгч “Манчестер Сити”-д талбайдаа 6:1-ээр бут ниргүүлж, “шок”-ноосоо гарч амжаагүй байсан фенүүдийнх нь хувьд Чичаритогийн шинэ гэрээ таатай мэдээ болсон байх. Түүний шинэ гэрээний талаар “МанЮ”-гийн албан ёсны вэбсайтад “Хавьер Эрнандез багтайгаа таван жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Ингэснээр 2015/16 оны улирал дуустал Олд Траффордод байх болно” хэмээн бичжээ.
С.Цэлмэг