Клип мэйкерүүд шилдгээ шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Клип мэйкерүүд шилдгээ шалгаруулна

Монголын орчин үеийн хөгжмийн урлагт рок поп, студи продакшнуудын шилдгүүдийг шалгаруулдаг хамгийн том наадам бол  “Mongolian Music Video Awards” билээ.  Тэгвэл тус наадмыг энэ жил найм дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Наадам аравдугаар сарын 26-нд  Соёлын төв өргөөнд болох юм. Энэ жилийн наадмын онцлог гэвэл улаан бус ногоон хивсний ёслол болох бөгөөд уран бүтээлчид, зочид эко наадамд ногоон өнгийн хувцсаар гоёж ирэх гэнэ.

Рок, попын ертөнц дэх видео клипний шилдгүүдийг шалгаруулах энэ намрын чуулганд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдөх аж. Эдгээр клипүүд дундаас шинэлэг санаа, өнгө төрх, ур чадвар, хөдөлмөрөөрөө бусдаас илүү байж чадсан шилдэг 15 уран бүтээлч наадмын шагналын эзэд болно.

·    Шилдэг санаа
·    Шилдэг продюсер
·    Шилдэг найруулагч
·    Шилдэг зураглаач
·    Шилдэг зураач
·    Шилдэг график
·    Шилдэг дебют
·    Шилдэг дүр бүтээлт
·    Шилдэг имиж бүрдүүлэлт
·    Олны таашаалд нийцсэн клип
·    Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
·    Хип хоп  хамтлаг дуучдын шилдэг клип
·    Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
·    Сонирхогчдын шилдэг видео клип
·    Электро хөгжмийн шилдэг клип гэсэн номинациар шилдгүүдийг тодруулах ажээ.

Монголын видео урлагт хэн хамгийн шилдэг болохыг шүүгчдийн бүрэлдэхүүн гурван удаагийн шүүлтүүрээр тодруулна.  Энэ жилийн наадмын шүүгчдээр дэлгэцийн урлагт хүндтэй байр суурь эзэлдэг эрхмүүд ажиллах бөгөөд МҮОНТ-ын захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач  Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, Шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ын захирал Ц.Нацагдорж нар шүүгдийн бүрэлдэхүүнд багтаж буй. Тус наадмыг зохион байгуулагчид, үзэгчдээс ногоон өнгө бүхий ёслолын хувцас өмсөж, Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгчидтэй эн зэрэгцэн оролцохыг хүсч байгаа. Энэ жилийн наадмыг хамтран зохион байгуулагч буюу ерөнхий ивээн тэтгэгчээр 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UFC групп ажиллаж, Монголын шинэ үеийн хөгжим, видео клипний урлагийг дэмжиж байгаа юм.
Наадмын шагнал гардуулах ёслолын тасалбарын үнэ 10000, 15000 төгрөг бөгөөд Соёлын төв өргөөний кассаар хэдийнэ худалдаалж эхэлжээ. “Mongolian Music Video Awards”-ын зохион байгуулагчид энэ удаагийн наадмын тасалбар бүрийнхээ 500 төгрөгийг органик ирээдүйн төлөө зарцуулахаар шийдсэн байгаа. Энэ санаачилгыг дэмжиж “Нэгэн зүгт”, “Ice Top” хамтлаг, дуучин Ану нар хамтран нийслэлийн 76 дугаар цэцэрлэгийн гадна талбайд чацарганы 100 гаруй бут, суулгац тариалжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж