УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг шаардаж буй 20 гишүүнийг эдийн засгийн үндэслэл талаас нь бус улстөржих утгаар асуудлыг тавьсан хэмээн Сангийн сайд хэлж байв. “Ер нь аливаа зүйлийг хийхэд 99,99 хувиар санал нэгдэнэ гэж байхгүй. Хэрэг дээрээ 57 дугаар тогтоол хэрэгжчихсэн” гэж сайд онцолсон юм.
Өнөөдрийн уулзалтын үеэр сэтгүүлчдээс цөөнгүй сөрөг асуултыг сайдад тавьж байлаа. "Рио Тинто"-гийн талаар сайд хэлэхдээ “Энэ бол дэлхийд 2-3-т ордог том компани. Англи-Саксоны хуулийн систем мөрддөг. Энэ системийг мөрддөг орон, компаниуд найдвартай байдаг. "Рио Тинто" тухайн оронд ажиллаж байна гэдэг эдийн засгийн хувьд том үзүүлэлт” гэлээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу "Оюутолгой" ХХК-ийн хувьцааны 34 хувийг "Эрдэнэс МГЛ" эзэмших болсныг бага гэж үзэх сэтгүүлчид байв. Сангийн сайд энэ талаар хэлэхдээ “Тухайн компаниуд хайгуулын лиценз авч өрөм тавьснаар их хэмжээний эрсдэлд ордог. Магадгүй нэг их наяд төгрөг зарцуулж байж энэ ордыг олсон байж магадгүй. Харин Монголын тал бол өрөм тавихад мөнгө зараагүй байж хувьцааны 34 хувийг үнэгүй авч байгаа юм” гэлээ. Хувьцааг өсгөж 50 хувьд хүргэлээ гэхэд Монголын оногдох хувь хэмжээ нэмэгдэхгүй ч байж магадгүй гэнэ. Хувь хэмжээ өсөх тусам эрсдэл хүлээх байдал нэмэгддэг аж.
Хөрөнгө оруулагч талаас “Монголын улстөрчид шуналтай” гэсэн нь та бүхэн авлига авсантай холбоотой юу” гэсэн асуулт сэтгүүлчдээс гарч байв. “Асуудлын гол нь хувь хэмжээнд биш, Монголын талын авах үр өгөөжтэй холбоотой. Хэрэв Оюутолгойн гэрээ буруутаж, хэрэг хүлээхэд хүрвэл монголчууд даяараа хэрэг хүлээсэнтэй адил хэрэг болно. Бүгдээрээ алдана. АНУ-ын сансрын нисэгч Рамстронг саран дээр буугаад “Дэлхий нэг алхам урагшиллаа” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах үеэр “Монголчууд нэг алхам урагшиллаа” гэсэн. Хэрэв бид Оюутолгойгоос ухарвал бүгдээрээ алдана” гэж сайд дээрх асуултад хариулсан юм. ОУВС, Дэлхийн банк Оюутолгойн гэрээнд шинжилгээ хийгээд “Монгол Улсын Засгийн газрын талд ашигтай болжээ” гэснийг сайд тайлбарлав.
Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьтай болсон, 2012 онд 26 хувьтай болж, бага орлоготойгоос дунд орлоготой орон болжээ.
Нидерланд-Оюутолгой гэж ямар компани орж ирснийг асуусан сэтгүүлчийн асуултад сайд тодорхой хариу өгсөнгүй. Харин Нидерландын вант улстай давхар татварын гэрээ яагаад хийсэн талаар хэлэхдээ “1990 оноос хойш олон оронтой давхар татварын гэрээ хийсэн. Үүнийг ижил төвшинтэй орнууд хийдэг. Бүгдээрээ Монголд ашиггүй. Монголоос гадагш хөрөнгө оруулна гэж бараг байдаггүй. Гаднынхан Монголд хөрөнгө оруулахад хөнгөлөлт эдлэх ашигтай. Иймд давхар татварын гэрээнүүдийг Засгийн газар цуцлах бодлоготой байгаа” гэлээ.