Б.Урантунгалаг олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Б.Урантунгалаг олимпийн эрхээ авлаа

Ираны Тегеран хотноо байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр олимпийн эрх олгох тэмцээн болж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд Монголын тамирчдаас ОУХМ Б.Урантунгалаг, Ч.Оюунсүрэн, Ч.Мөнхцэцэг нар цэц сорьсноос Б.Урантунгалаг 609 оноогоор урьдчилсан харваанд тэргүүлсэн бол Ч.Оюунсүрэн 586 оноогоор долдугаар байрт шалгарч, хоёул шигшээ харваанд шалгарчээ. Улмаар шигшээ харваанд Б.Урантунгалаг Шри Ланка улсын тамирчинг Дилхара Салгадог, дараа нь Ираны Сарех Асадиг ялснаар аваргын төлөө харвах эрхтэй болжээ. Харамсалтай нь, аваргын төлөө Индонезийн харваач Юлияна Рочмаватитай өрсөлдөж, ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин Ч.Оюунсүрэнгийн тухайд шөвгийн наймын шатанд Малайзын тамирчин Сяафика Нурул Хашимд ялагдсан байна.

Олон улсын байтын холбооноос Лондонгийн олимпийн эрх олгох журмын дагуу энэхүү тэмцээнд эхний гурван байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох учир Б.Урантунгалаг ямартай ч ирэх жил Лондонг зорих эрхтэй болоод байна. Ингэснээр Монголын байт сурын тамирчдаас олимпийн хоёр дахь эрхийг авч байна. Өмнө нь ОУХМ Ж.Гантөгс Италид болсон дэлхийн аваргаас Лондонгийн олимпийн эрхээ өвөртөлсөн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж