"Зээлийн хүү өндөр байгаагаас эрэлт цаашид өсөх эсэх нь бүрхэг. Тиймээс хэрэглээнээсээ илүүг худалдаж авах сонирхолтой барилгын компани Хятадад ганц ч байхгүй. Өмнө нь буюу 2008 онд зэсийн үнэ 3000 ам.доллар болоход Хятад улсын нөөцийн сандаа их хэмжээгээр худалдан авч нөөцөлсөн. Хэрэв Лондонгийн металын бирж дээр зэсийн үнэ дахин их хэмжээгээр унахад хүрвэл тэд мөн л дээрх шиг асар их хэмжээгээр худалдан авах байх” гэж Шанхайн нэгэн брокерын компанийн ажилтан ярьжээ. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр нэг тонн зэсийн үнэ 3000 ам.доллар болж буурах үед Хятад газрын тосноос авахуулаад үр тариа, гол гол металуудынхаа нөөцийг арвижуулахад зориулж дөрвөн их наяд юань зарцуулсан байдаг юм. "Ройтерс" агентлаг эдийн засгийн 23 шинжээчийн дунд санал асуулга явуулахад ирэх жил нэг тонн зэсийн үнэ дунджаар 8950 ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн нь сайны ёр биш ажээ.
"Хятадын Засгийн газар зэс худалдаж авах тохиромжтой үеийг хүлээж байна. Нэг тонн зэсийн үнэ 6000 ам.доллараас буурах үед Хятад стратегийн нөөцөө арвижуулах зорилгоор дахин зэс худалдан авч эхэлнэ” гэж “UBS” хөрөнгийн менежмент судалгааны төвийн захирал Доминик Шнайдер ярьсан байна.
Хятадын үйлдвэрлэлийн нөөцийн өнгөрсөн есдүгээр сарын судалгаанаас харахад тус улсын нөөцийн санд 1-1.3 сая тонн метал хадгалагдаж байгаа аж. Нөгөө талаар зэсийн үнэ буурч байгаа энэ үед Хятадын зээлдэгчид зэсийг зээлийн барьцаанд тавих нь нэмэгдэж байгаа талаар АНУ-ын тагнуулын “Stratfor” байгууллага мэдээлсэн байна. Зэсийг зээлийн барьцаанд тавьснаар зэс улам үнэгүйдэж байгаа хэмээн тэд үзэж байна. Түүнчлэн Хятадын металлын нөөц энэ жил 300,000 тонноор дундарсан тухай “Fairfax” уул уурхайн компанийн аналист Жонн Мейер ярьжээ. “Fairfax”-ын таамаглаж буйгаар Хятадын зэсийн хэрэглээ 2012 онд хоёр хувиар өсч, 7.6 сая тоннд хүрэх гэнэ. Энэ нь энэ жилийн тооцоолж байснаас даруй тавин хувиар бага ажээ. “RBS” компанийн түүхий эдийн стратегич Никос Кавалисын үзэж буйгаар Хятад 2012 онд зэсийн хэрэглээг 6.5 хувиар өсгөж, 8.2 сая тонныг худалдан авч байж, зэсийн үнэтэй холбоотой хямралаас сэргийлэх боломжтой гэнэ. "Хэрэв Хятадын зэсийн хэрэглээ 5.5 хувиас буурвал энэ алдагдал маш их хохирол дагуулна” гэж тэрбээр мөн онцолсон байна.