УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ирэх онд УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах талаар намын бүлгүүд өөр өөр байр суурьтай байгаагаас шалтгаалан энэ асуудлыг нэлээд цаг хугацаа алдан хэлэлцэж буй юм. Тухайлбал, намыг дугуйлах уу, хүнийг дугуйлах уу гэдэг дээр хоёр намын бүлгийн байр суурь одоо хэр нь зөрүүтэй хэвээр байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Үндсэн хуульд нэгэнтээ нам биш хүнийг сонгоно хэмээн заачихсан тул эцэг хуульдаа захирагдах ёстой” гэсэн байр суурь баримталж буй бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг нам сонгох хувилбарыг хуульд оруулах ёстой хэмээн эсрэг байр суурь илэрхийлсээр байгаа юм. Тэгэхдээ өнөөдрийн бүлгийн хуралдаанаар МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналыг сонсч, санал хураалт явуулсан байна. Санал хураалтын шатанд гишүүдийн олонхи нь нэг тойрог, нэг мандат гэсэн хувилбар дээр санал нэгдсэн хэвээр байгаагаа баталгаажуулжээ. Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт нэг намын гишүүд өрсөлдсөн. Үүнийг намын төлөвшилд сөргөөр нөлөөлж байна, засах ёстой гэж үзэж байгаа аж. Мөн нийслэлд нийт тойргийн гуравны нэгээс доошгүй нь байх ёстой гэсэн Ардчилсан намын бүлгийн саналыг хэлэлцээд хүн амын тооноос гадна газар нутгийн хэмжээг харгалзан үзэх ёстой. Иймд тус бүлгийн саналыг шууд хүлээн авах боломжгүй гэж үзжээ. Ер нь нийслэл болоод орон нутгийн төлөөллийг жигд хангах нь зүйтэй гэдэг дээр тус бүлгийн гишүүд санал нэгдсэн тул энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн байна. Харин гурав долоо хоногийнхоо босгон дээр хэлэлцэж буй Тавантолгойн ордоос иргэдэд хувьцаа эзэмшүүлэхтэй холбоотой асуудлын тухайд дахин тооцоо судалгаа хийх шаардлагатай гэж үзжээ. Ингэхдээ иргэдэд эзэмшүүлэх хувьцааг ямар хэлбэрээр яаж өгөх нь тодорхой бус байгаа учраас дахин тооцоо судалгаа хийж нягталж үзэх хэрэгтэй гэж үзсэн хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Г.Дарь